Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн тухай асуудал хэлэлцэв.
Тус байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмонг нэр дэвшүүлснийг байнгын хорооны гишүүд дэмжлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.