Засгийн газрын 2014 оны долоодугаар сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, холбогдох судалгааг бэлтгэн Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгалаа.
"Амгалан дулааны станц"-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах 1000 орчим тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр баталлаа.
Тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан арга хэмжээ хэрэгжүүлэх, олон улсын дэмжлэг туслалцааг цаг алдалгүй авах талаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн дэмжээд, хариуг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжлахаар тогтлоо.
Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас болох Самурай бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс 110.4 тэрбум хүртэл төгрөгийг арьс, шир гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд арилжааны банкаар дамжуулан зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталлаа. Мөн өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд шинээр сонгон шалгаруулалт явуулах тусгайлсан журам баталлаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын санаачлан боловсруулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсролын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөлд зарчмын хэд хэдэн санал тусган төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.