logo
Үндэсний уламжлалт сурын харваа

Үндэсний уламжлалт сурын харваа

2014/07/07
Сарампай харвах
 
Зэв нүүлгэх тэмцээн олныг хамарч өргөжин харваачдын оноо цэцийг шалган үзэх болжээ. Нүүдэлчдын хувьд оноог тооцож болохуйц хамгийн хялбар бай нь малын арьс байв. Ийнхүү эртний Монголчууд хонины арьсыг модонд тэлж татаад сарампай ( ширэн буюу суран бай ) хэмээн нэрлэж 40 нумны газраас нэг хүн бүр 20 сумны цуваа харваж дасгал хийж оноог тооцон шалгаруулдаг байжээ.

Хожмын боловсрон сайжирсан нэгэн төрлийн тэмцээн нь далдын “дайсан” харвах тоглоом болно. Сарампай харвалтаас түүний ялгаатай нь хонины 8 арьсыг дов толгой, гуу жалга мэт далд газарт тавьж харваж байсан байна. Тоглолтонд оролцож байгаа хүмүүс хонины 8 нэхийг зүүж голд нь хүний дүрсийг зураад дөрвөлжин модонд тэлж татан “дайсан” хэмээн нэрлэж далд газар тавин харвах бөгөөд бүх оролцогчид 40 алд газраас 20 сум харвадаг нь бас учиртай.

Манай ард түмэн 7, 8, 9 гэх мэт тоонуудыг ихэд эрхэмлэдэг. Жишээ нь: 4 зүг, 8 зовхис, 9 эрдэнэ, 8 тахил гэх ба дундад эртний Монгол 8 мэргэд аймаг байсан зэргээс үзэхэд наймын тоог онцлон үздэг нь харагдаж байна. Энэчилэн сарампай харван оноо цэцийг шалгаруулах арга өөрчлөгдөн сайжирч байсаар XX зууны эхэн үед түүний урьдын гүйцэтгэж байсан үүрэг нь багасч сурын харваанд байраа тавьж өгжээ.

Бөмбөг намнах тухай

Адууг гэршүүлж сургаж аж амьдралдаа хэрэглэх болсон нь барагцаалбал МЭӨ 4000 жилийн сүүл үед холбогдохыг судлаачид тогтоожээ. Нүүдэлчид морь, унаатай болсон нь тэдгээр овог, аймгууд алс холын бусад өөр аймгуудтай ойртож харилцах, тэдний утга соёл, оюуны боловсрол харилцан нөлөөлөхөд чухал ач холбогдолтой байжээ. Морин дээрээс харвах, бургас цавчих, хатгах зэвсэг гарч иржээ. Энэхүү шинэ бүтээлийн нэг нь бөмбөг намнах тэмцээн юм. Морин цэргийн эрдэм чадлыг ахиулах, морин дээрээм харвах намнахад Хүннүгий Шаньюй нар ихэд анхаарч байсан байна.

X-XI зууны үед Кидан нар бөмбөг намнаж байсан. ( Бөмбөг намнах ) тоглоом 40 нумны газар тус бүр 20 нумны зайтай газраас морьтой эсвэл босоо хүний хэмжээний гурван шон жагсаан босгож гурван бөөрөнхий сур (бөмбөг) өлгөж морины давхиут дунд богино модон сумаар гарамгай харвадаг байжээ.

Хожуу Богд хаант Монгол улсын үед бөмбөгний хоорондын зайг ойртуулсан нь тэмцэл өрсөлдөөнийг чанаржуулж улам ч хурдан шаламгай хөдөлгөөн шаардах болжээ. XIX зууны сүүлээр Халхын зүүн хязгаар Цэцэн хан аймгийн захын Да вангийн (Халх гол) хошуунд бөмбөг намнах тоглоомоор сорилцож наадаж байжээ.

Улс хувьсгалын 35 жилийн баяр наадмаар бөмбөг намнах тэмцээн явуулсан нь үндэсний уламжлалт сурын спортыг хөгжүүлэх талаар авч явуулсан нэг арга хэмжээ юм. Манай улсад одоогоор 3 төрлийн сурын харваа явагдаж байна.

    Үндэсний сурын харваа
    Буриад сурын харваа
    Урианхай сурын харваа

Нум сумны (хэрэглэлийн)
ерөнхий нэр


Нум хайгуул, товхны хамт
Нумны хөвч, амгайвчны хамт
Сум болцууны хамт
Эрхийвч
Бугуйн ороолт (тохойн боолт), гогцоо хавчуургын хамт
Сумны ховд сум халаах алчуур (зөөлөн цэмцэ)
Нумны гэр (уут) эдгээрээс хэрэглэл бүрдэнэ.
 
Бариул
Хичир
Самсаа
Матах хэсэг
Өвөр тал
Ар тал
Амгайвчны онь
Товх
Хайгуул уяаны хамт эдгээрээс үндсэн бүрдэл болох бөгөөд энэ дурьдсан хэсгүүдийг сайн чанарын загасан цавууг тусгай жорын дагуу найруулан наах журмаар эвлүүлдэг.
Манай хэрэглэж байгаа нум нь гол төлөв хятад хийцтэй байгаа. Сүүлийн үед эртний уламжлалт аргаар нумыг хийн хөдөлгөөн нилээд өрнөж байна. Тухайлбал: Улсын мэргэн Цэвээн, спортын мастер З.Баатар, Батмөнх, Чойдорж, залуу харваач С.Болдбаатар нарын хийж урласан нумаар хангагдаж байна. Цаашид нум сумны эрэлт хэрэгцээ их байгаа учраас залуучууд өөрсдийн харвадаг нумаа хийж сурах санаачлага өрнүүлэх нь чухал.
Эрийн гурван наадмаа тэнцүү хийж байхын тулд аймаг, сум баг бүр харваачидтай болох зорилт тавин ажиллаж, өвөг дээдсийн сурын харвааг хүүхэд, залуучуудад өвлүүлэн сургахад ихээхэн анхаарч бүтээлч ажил болгох нь зүйтэй.
 
Нуманд тохиолдож болох гэмтлүүд

Хийу сайтай нум хэвийн эдэлгээнд 30-40 жил эдэлж болох нь ажиглалтаас харагдаж байна. Нумны хийц ба арчилгаанаас тохиолдож болох гэмтлүүд:
Нумны шөрмөсний наалт ховхорсноос тэр талаа авч их матах ба цохио муудаж сумны хөөлт буурна.
Он удаан жил эдэлсэнээс элэг догорч болно.
Шар хамрын хаалт дотроо хөдөлсөнөөс цохио муудаж (бариулыг сайн атгахад гар дотор хөдөлж байгаа нь мэдэгдэнэ) нэг хэсэгтээ тодорхой мэдэгдэхгүй байж болно.
Эвэрний тулгуур яс хөдөлснөөс нум галжирлах сумны явуур муудаж хурдаа алддаг.
Хичирийн дотор наалт хөдөлснөөс таталтын үед нум их шажигнаж дуугарах бөгөөд сум огт хөөхгүй.
Хазгай буулгах буюу хөвч тасарч осолдсноос нум хугарах хүртэл гэмтэл гарч болдог. Тухай бүрд нь мэргэжлийн хүнд үзүүлж зөвлөгөө авах буюу засуулах хэрэгтэй.
 
Нумны хөвч ба түүний дотоод бүтэц

Нумны хөвчийг 0,6-0,9мм-ийн бүдүүвчтэй дотуур эрчтэй сунадаггүй (цагаан мяндсан) утсаар тэлүүрт нэг талыг 16-28 удаа давхарлан битүү гогцоо эргүүлж ороогоод түүнийгээ тэлүүрийн тусламжтайгаар огт сунахгүй болтол чангалж дараа нь эвхэх ба онь хэсгийг үлдээж 0,4 мм-ийн сатурк бусад материалаар хөндлөн ороож хийдэг. Хөвчний урт богиныг нум тус бүрт тохируулж орооно.
Сумны онь суух хэсэг
Эрхийлэх хэсэг
Их бие
Эвхэх хэсэг
Амгайвч буюу хүйр (хүүлүүр)
 
Сумны бүтэц түүний дотоод зохион байгуулалт
Онь
Үүсгэр
Үүсгэрийн өд
Үүсгэрийн хатгирийн хэсэг (урд талын будагтай)
Үүсгэрийн их бие
Болцуу
Болцууны тав гэж ангилна.
Сумны үүсгэр нь 90-100 см-ийн урттай байна. Онь нь нумны хөвчийн онь хэсэгт сууж нумны бүхэл биед дамжуулснаар сум ширүүн хөдөлгөөнд орох ба энэ үед сумны хойд хэсэгт 3-4-н талд нь өд наасан нь агаар өрөмдөж эргэлтэнд оруулах үүрэгтэй.
Ингэж эргэснээр сумны хөдөлгөөн жигдэрч хурдсаж өгнө. Хатгирт хэсэг ба болцууны тах нь сумны онох хэсгийг хөтөлж байгаа юм.
Сумны өдийг богиносгох тусам сумны хөдөлгөөн түргэсэх бөгөөд 3 өдтэй бол бүр хурдан хөдөлгөөнд орж сумны хөдөлгөөн нүдэнд харагдахгүй шахуу тийм хурдтай болно.
Эрхийвч. Татах гарын эрхий хурууны өндөгний хэсгийг хамгаалах эрхийвч хийнэ. Эрхийвчийг татал, тайлалтанд саад болохгүй цэвэр хийх хэрэгтэй. Эрхийлэх хэсгийн зузаан нь 4-6 мм байхаар болож булигар, үхэр, янгирын ясаар хийнэ. Эрхийвч нимгэдвэл эрхий хавдах, хагарах, хумс ханзрах хүртэл гэмтэл гарч болдог ба тэр нь харваанд муугаар нөлөөлнө.
Бугуйн ороолт. (тохойн боолт) нь 180 см-ийн урттай, өргөн нь 1-2 см байж болно. Олон өнгийн утасны давхар жирмэн сүлжээс, нарийн сур байж болно. Гогцоо хавчуургыг гол төлөв чулуугаар хийсэн байдаг.
Сумны бүс. (агсуурга) нь 100 см-ийн урттай утасны илүү туухай зангилаа буюу жирмэн сүлжсэн байж болно.
 
Харваачдад олгох цол, зэрэг

Ардын хувьсгалын баяр наадам, бүх нийтийг хамарсан спартикиад, их наадам зэрэгт түрүүлсэн эрхий мэргэн харваачдад улсын мэргэн цол олгож байсан ба сүүлийн үед зөвхөн улсын баяр наадмаар түрүүлсэн хүнд Монгол улсын мэргэн цол олгож байна.
Нэг удаа түрүүлбэл Монгол улсын мэргэн, хоёр удаа түрүүлбэл Монгол улсын хошой мэргэн, гурван удаа түрүүлбэл Монгол улсын гоц мэргэн, дөрвөн удаа түрүүлбэл Монгол улсын гарамгай мэргэн, таван удаа түрүүлбэл Монгол улсын даяар дуурсах мэргэн, зургаан удаа түрүүлбэл Монгол улсын Дархан мэргэн цол чимэг олгодог.
Улсын баяр наадамд 3 удаа эхний гурван байранд шалгарсан спортын мастер цолтой харваачид улсын мэргэн цол олгохоор шийдвэрлэсэн байна. (2001 оноос)
Эрэгтэй харваачид 40 сумнаас 32 оновол спортын мастер, 30 оновол спортын дэд мастер, 27 оноогоор 1-р зэргийн мастер, 24 оноогоор 2-р зэргийн мастер, 20 оноогоор 3-р зэрэг биелүүлнэ.
Эмэгтэй харваачид 36 сумнаас 29 онож спортын мастер, 27 онож спортын дэд мастер, 25 оноогоор 1-р зэргийн мастер, 21 оноогоор 2-р зэргийн мастер, 18 оноогоор 3-р зэрэг биелүүлнэ.

Улсын баяр наадамд түрүүлсэх хүүхдэд (өсөх мэргэн) цол олгож хананы 20 сумнаас 18 оновол 1-р зэрэг, 15 оноогоор 2-р зэрэг, 12 оноогоор 3-р зэрэг олгоно. Багаараа 3 жил дараалан бүс, улсын чанартай харваанд эхний 3 байранд шалгарсан тухайн харваанд тоглолт бүрдээ 6-аас доошгүй оносон харваачид спортын мастер цолыг тус тус олгоно.

Нийтлэлч : Ж.Сүхбаатар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш