logo
AMJILT.COM сайтыг хаасан нь хууль бус үйлдэл байжээ

AMJILT.COM сайтыг хаасан нь хууль бус үйлдэл байжээ

2014/07/08
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноцтойгоор халдаж, хэвлэн нийтлэх болон уншигчдын мэдээлэл авах эрхийг боймилсон үйлдэл өнгөрөгч баасан гарагт болсон. “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчиг бүхий фото сурвалжлага AMJILT.COM сайтад нийтлэгдсэнээс үүдэн Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос тус сайтыг 2014 оны долоодугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим хаасан билээ.  Үүнтэй холбогдуулан Монголын Сайтын холбоо болон AMJILT.COM сайтын редакциас хамтран өнөөдөр  "Монголньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр Монголын анхдагч сайтуудын нэг болох www.amjilt.com сайт нь ямар  ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу Контентын  агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн утсаар ярьж сүрдүүлэн тус сайтыг хаажээ.  Энэ нь  Харилцаа холбооны зохицуулах хорооноос  сайтыг  “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 9 буюу хяналт, 10 буюу  гомдол маргаан шийдвэрлэх, 11 буюу  хариуцлага  гэсэн хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн байна. AMJILT.COM сайтыг хаасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй хэмээн Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан мэдээлсэн юм.

Тодруулбал. “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчиг бүхий фото сурвалжлага AMJILT.COM сайтад Пүрэв гарагт нийтлэгджээ. Гэтэл  Харилцаа холбооны Зохицуулах Хорооны мэргэжилтэн Алтай гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй сайтын редакц руу утсаар ярьж “Энэ мэдээллийг устга, залруулга гарга. Тэгэхгүй бол сайтыг чинь нэг цагийн дотор хаана” хэмээж улмаар хэлсэн үгэндээ хүрч тус вэбсайтын Монгол дахь дотоод хандалтыг хаасан байна.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Авлигатай тэмцэх газар”-т гаргаж өгсөн хөрөнгө орлогынхоо мэдүүлэгтээ “Хаан жимс” компанийн 33 хувийг эзэмшдэг гэдгээ тайлагнасан байдаг. Тэгэхээр Ерөнхий сайдын хувь эзэмшдэг амралтын газрын талаарх баримтат нийтлэл ХХЗХ-г үтэр түргэн сайт хаах эрх эдлэхэд хүргэсэн гэх бодит үндэслэл болсон хэмээн Монголын Сайтын Холбоо үзэж байгаа юм.

Монголын Сайтын Холбооноос хийсэн хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй бичлэг болон Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэргэжилтэн Алтай гэгчийн AMJILT.COM-ын захиралыг утсаар хэрхэн дарамталж, зүй бус үйлдэл хийсэнийг нотлох ярианы бичлэгийг та бүхэнд хүргэе.
 




АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш