logo
ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров: Монгол гэж улс байсан. Одоо ч хэвээрээ байгаа биз дээ?

ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров: Монгол гэж улс байсан. Одоо ч хэвээрээ байгаа биз дээ?

2014/07/24

Төрийн залгамж чанар, урт хугацааны тогтвортой бодлого гэж алга боллоо. Бүхнийг шинэчлэх гэж байгаад нураасан, дампууруулсан, ухраасан, хохироосон үйл явдалууд л манай улсад өрнөж байна.

Хамгийн сүүлийн нэг ноцтой мэдээлэл хойд хөршөөс эхлээд саарал ордноор дамжиж бизнес эрхлэгчдийн амны зугаа болоод удлаа. Учир нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой уулзалт хийжээ. Тэгээд “Бид шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Өмнөх Засгийн газрын шийдвэрүүд бидэнд хамаагүй. Бид шинэ бодлогууд хэрэгжүүлж байгаа” хэмээн томорсон гэнэ. Хариуд нь ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров “Монгол гэж улс байсаар ирсэн. Хүүе танай улс чинь хэвээрээ байгаа биз дээ” гэж гайхах, доромжлох, даажигнахын оронд даапаалжээ. Харин төр улсаа гутааж яваа манай шинэчлэгч сайд юу гэж мултарсан нь тодорхойгүй юм. Холбогдох албаныхан л ОХУ, Монгол дарга нарын хоорондын яриа хэрхэн өрнөж, төгссөнийг мэдэх байх.

С.Лавров бол ОХУ-ын ГХ-ны сайдыг маш удаан хугцаанд хийж байгаа туршлага, стратегиараа алдартай нэгэн. ОХУ-ын гадаад бодлогын стратегийг тодорхойлогч, В.Путины хамгийн итгэлтэй хүн. Манай улсад айлчилж байсан удаатай.

Сонирхолтой нь ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавровтой уулзаж амруугаа алгадуулсан сайдын нэр нууц байна. Эх сурвалжууд хоёр сайдын нэрийг ярилцах болов. Уг нь ч энийг олох шиг амархан юм байхгүй л дээ. Хамгийн сүүлд манай улсаас С.Лавровтой хэн уулзав гэдийг шалгаад гаргаад ирж болно. Бас эрхэм сайдуудын ярианы тэмдэглэлийг холбогдох хүмүүс нь унших хэрэгтэй л дээ. Ингэж ярьсан эсэхийг шалгаж нягтлах хэрэгтэй. Монголын нэртэй бизнесменүүд хэвлэлээр ярьж, олны танил сэтгүүлчид бичиж байна. Гадаад ертөнцөд ингэж ярьж яваа нь үнэн бол тэр сайдтай хариуцлага тооцох хэрэгтэй.

Эндээс дүгнэж үзэхэд эрх баригчид гадаад ертөнцөд Монголыг биш өөрсдийгөө л сурталчилах гэж яваад байх шиг. Төр улсын залгамж бодлого гэж хаана ч байдаг. Тийм ч учраас С.Лавров тэрийг нь шуудхан сануулсан бололтой. Өмнөхөө үгүйсгээд “бид л шинэчлэгч”, “бид л ардчилагчид”, “өмнөх бүх засгийн газар буруутай” гэх мэтээр яриад гоншигноод явах манай улсад л хохиролтой. Иргэд л хохирлыг нь урт хугацаандаа амсана.

Шинэчлэгчид маань өмнөхөө буруутгах гэж байгаад эдийн засгаа унагаад авлаа. Харин цаашдаа улсаа нураачих вий л гэсэн айдас болгоомжлол нэмэгдэж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш