ОХУ-ын Эрхүү хотноо болсон Байгалийн олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд энэ сарын 13-ны өдөр “Монгол, Оросын хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт болжээ. Уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Хил, бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын монголын хэсгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Идэвхтэн, ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон Эрдэс баялаг эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албаны хүмүүс, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн төлөөлөл оролцсон байна. Оросын талаас ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн сайд В.Ф.Басаргин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко, ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн дэд сайд, Орос-Монголын Засгийн газар хоорондын хил, бүс нутгийн хамтын ажиллагааны дэд комиссын оросын хэсгийн дарга М.А.Травников болон Эрхүү муж, БН Буриад, БН Алтай Улсын Засгийн газрын төлөөлөл оролцжээ. Тус уулзалтаар хил орчмын хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлаар хоёр тал дэлгэрэнгүй мэдээлэл хийж, санал солилцсон байна. Тухайлбал, монголын талаас төмөр замаар дамжин өнгөрүүлэх тээвэр, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ОХУ-ын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхэд монгол иргэдэд тулгарч буй бэрхшээл, хүнд суртал, “Алтанбулаг” чөлөөт бүсийн дэд бүтцийг бүтээн байгуулах зэрэг асуудлыг хөндөн тавижээ. Оросын талаас мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах төслийг танилцуулсан байна. Мөн Байгалийн олон улсын эдийн засгийн VII чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Европ-Орос-Ази Номхон далайн орнуудын эрчим хүчийг цогцоор нь хөгжүүлэх” сэдэвт салбар хуралдаанд Монгол Улсын Их хурлын гишүүн С.Баяр үг хэлж, хөрш улсууд, бүс нутгийн улсууд цаашлаад бүх нийтээрээ эрчим хүчний салбар дахь бодлогоо уялдуулж, хамтран ажиллахыг уриалжээ.
Г.Ананд
Г.Ананд