Үймээн самууны хөлд талхлагдсан Сири болон Ирак дахь исламын босогчдын эгнээнд элссэн Европчуудын тоо 3,000 давж өссөн гэж Европын Холбооны терроризмын асуудал хариуцсан зохицуулагч Гиллес де Керчов мэдэгдлээ. Мөн тэрээр барууны орнууд агаараас цохилт өгч буй нь экстремистүүд Европт хариу халдлага үйлдэх эрсдлийг нэмэгдүүлнэ гэдгийг BBC-д ярилцлага өгөх үеэрээ анхааруулсан байна.
АНУ тэргүүтэй холбоотон орнууд 8-р сараас хойш Исламын Улс гэж өөрсдийгөө тунхагласан Ирак дахь суннитын зэвсэгт бүлэглэлийнхэнд агаараас 200 орчим удаа цохилт өгсөн бөгөөд өнгөрсөн даваа гарагаас Сири дэх тэдний байршлуудыг бөмбөгдөж эхэлсэн юм. Тус бүлэглэл нь сүүлийн хэдэн сарын хугацаанд Сири, Иракийн газар нутгийн томоохон хэсгийг хяналтандаа авчээ. АНУ-ын Тагнуулын Төв Газрын тооцоолсноор Сири, Ирак дахь тэдгээр босогчдын эгнээнд нэгдсэн хүний тоо 31 мянгад хүрсэн байж магадгүй байна.
"ИСЛАМЫН УЛС"-ЫГ ТУНХАГЛАСАН ХҮМҮҮС ХЭН БЭ?
- 2013 онд Ирак дахь Ал-Кайда бүлэглэлээс салбарлаж үүссэн бөгөөд хамгийн анх Сирийн зүүн хэсгийн Ракка хотыг эзэлжээ.
- Өнгөрсөн 6-р сард Иракийн газар нутгийн томоохон хэсгийг эзэлж, улмаар Сири, Ирак дахь өөрсдийн хяналтандаа оруулсан газар нутагтаа Халифат буюу нэг удирдагчтай исламын улсыг байгууллаа хэмээн өөрсдийгөө тунхагласан.
- Исламын Суннитын урсгалын маш туйлширсан үзлийг баримталдаг ба исламын бус шашинтай хүмүүс, Христэд итгэгчид, Шийтүүдийг тэрс үзэлтнүүд хэмээн үзэж, амийг нь хэрцгийгээр хороосон.
- Цэргүүд, барууны сэтгүүлчид, тусламжийн байгууллагын ажилтнуудын толгойг тасдан хөнөөсөн.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/