Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.07.Мягмар гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 19 цаг 30 минутаас үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Өнөөдөр үдээс хойш болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга А.Бакей чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Уул уурхай, эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүнд үйлдвэрийн асуудлыг нэмж хамааруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж эдгээр хууль тогтоомжийн хэрэгжих хугацааг Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Энхболд, Ё.Отгонбаяр нар асуулт асууж тодруулсны дараа Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний олонх нь дэмжлээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний 51 нь буюу 73.9 хувь нь, уг хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 75.4 хувь нь дэмжсэнээр хууль тогтоомжийн төслүүд батлагдлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.