logo
Физикийн салбарын Нобелийн шагналыг ямар бүтээлд олгов?

Физикийн салбарын Нобелийн шагналыг ямар бүтээлд олгов?

2014/10/08
2014 оны Физикийн салбарын Нобелийн шагналыг хөх гэрэл ялгаруулдаг диодыг (LEDs) зохион бүтээсэн Япон болон АНУ-ын гурван эрдэмтэнд олголоо. Профессор Исаму Акасаки, Хироши Амано, Шужи Накамура нар нь анхны хөх LED-үүдийг 1990-ээд оны эхээр бүтээсэн байна. Үүнийг улаан болон ногоон өнгийн LED-үүдтэй нийлүүлснээр шинэ үеийн, эрчим хүчинд маш хэмнэлттэй цагаан гэрлийн лампыг бүтээх боломж бүрджээ.

Нобелийн шагналтнуудад тус шагналыг дагалдаж ирдэг 8 сая крон буюу 0.7 сая фунт стерлингийг хувааж олгох юм байна. Шведэд болсон хэвлэлийн хурлын үеэр Акасаки, Амано, Накамура нарыг шагналын эздээр зарласан бөгөөд тэд 1901 оноос хойш Физикийн салбарын Нобелийн шагналтнуудаар шалгарсан 196 эрдэмтний жагсаалтад багтаж байна. Нобелийн Хорооны мэдэгдэлд тэдний бүтээлийн ашиг тусыг онцлоод хүн төрөлхтөнд хамгийн их дэвшил авчирсан бүтээлүүдийг хүлээн зөвшөөрч, алдаршуулах зорилгоор Нобелийн шагналыг бий болгосон хэмээжээ.
 
Улаан болон ногоон LED-үүд нь олон жилийн турш хэрэглээнд байсан ч хөх LED-ийг бүтээх нь урт хугацааны туршид эрдэмтдийн хувьд сорилт байсаар ирсэн юм. Хөх LED-гүйгээр гурван өнгийг нийлүүлж гэрлийн ламп төдийгүй компьютер, телевизорын дэлгэнд цагаан өнгийг бий болгох боломжгүй байсан ажээ. Одоо харин хөх LED-үүдийг дэлхийн хаанаас ч хүмүүсийн халааснаас олж болно. Өөрөөр хэлбэл ухаалаг гар утасны дэлгэцэнд үүнийг ашигладаг юм. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш