logo
Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулийн төслүүдийг танилцуулав

Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулийн төслүүдийг танилцуулав

2014/10/09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын намрын чуулганы үеэр голлон анхаарах зарим асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай өнөөдөр /2014.10.08/ уулзаж чиглэл өгөв. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хөндсөн хоёр дахь бүлэг асуудал нь энэ намрын чуулганы ач холбогдол болон Төрийн тэргүүний зүгээс анхаарч буй хуулийн төслүүдтэй холбоотой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ удаагийн намрын чуулган бол олон чухал асуудал шийдэх маш их ач холбогдолтой чуулган. УИХ-ын үйл ажиллагаагаа талаасаа өнгөрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч байгаа хуулиудаас та бүхэнд хэлье. Өргөн барьсан хуулийн төслүүдийн хувьд Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл гэж Ухаалаг төрийн тухай ярих үед гаргасан төслийг өнгөрсөн нэгдүгээр сард өргөн барьсан. Үүнийг хэлэлцэж баталж өгөх шаардлагатай байна. Нийтийн сонсголын тухай, Өрийн удирдлагын тухай, Баялгийн сангийн тухай зэрэг хуулийн төслийг өргөн бариад байна.

Энэ удаагийн чуулганаар Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулийн төслүүдийг цаг гаргаж шийдвэрлэвэл зүгээр.

Өргөн барихад бэлэн болсон хуулиудын талаар бас мэдээлэл өгье. Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтны хариуцлагын тухай,Захиргааны ерөнхий хууль, Нийтийн зар мэдээний тухай, Төрийн буюу нийтийн албаны тухай зжэрэг хуулийн төслийг өргөн барих гэж байна.

Өргөн барих гэж байгаа хэд хэдэн хуулийн төсөл байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон. Иргэн харьяатын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Өмчийн эрхийн тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааны тухай, Бараа, үйлчилгээ худалдан авалтын тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулиудын төсөл эдгээрт багтаж байгаа.

Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл нь Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сангийн тухай гэсэн гурван багц хуулиас бүрдэж байгаа. Улстөржилт оруулахгүй тулд энэ багц хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан нь дээр байх. Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг салгахтай холбоотой төсөл юм. Үүнийг УИХ батлаагүй. Тийм учраас үүнийг өргөн барихаар төлөвлөж байгаа” гэв.

Мөн гурван асуудлыг маш хурдан хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэсэн юм. Нэгдүгээрт, өргөн бариад байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөл. Мөн Хөгжлийн бодлого, зорилтын тухай хуулийн төсөл, үүнтэй уялдуулж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газраас санал аваад өргөн баривал зүгээр. Эдгээр нь суурь хуулиуд байх юм гэв.

Намрын чуулганаар ирэх жилийн улсын нэгдсэн төсөв, Мөнгөний бодлогод хариуцлагатай хандаж шийдэхийг хүсэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш