Засгийн газрын ээлжит хуралдаан аравдугаар сарын 18-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Гадаадад ажиллах томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаярыг эгүүлэн татаж, О.Машбатыг Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо. О.Машбат нь 1992-1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,1996-1998 онд мөн сургуульд эрх зүйн магистр, 2005-2007 онд АНУ-ын Монтерей хотын Тэнгисийн цэргийн дээд сургуульд Үндэсний аюулгүй байдал судлалаар магистрийн зэрэг хамгаалсан. 1996-1998 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 1998-2013 онд Стратегийн судлалын хүрээлэнд судлаач, ахлах судлаач, төвийн эрхлэгч, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байгаад 2010 оноос Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцээд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжлээ.
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг боловсруулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, үзэл баримтлалыг Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран батлах нь зүйтэй гэж үзлээ.