logo
Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг түр хойшлуулав

2014/10/22

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Засгийн газар 2014.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Улсын Их Хурлын гишүүн О. Баасанхүү хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор байгуулж гишүүд болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна. Ажлын хэсэг болон дэд хэсэг 12 удаа хуралдаж, эрх зүй экспертийн албаны зөвлөмж, Улсын Их Хурлын гишүүн,ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүүгийн ажлын чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчны 30 гаруй төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын саналуудыг нэг бүрчлэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хуулийн төсөлтэй холбогдуулан 42 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 34 санал, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн 6 хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсныг танилцууллаа.

Мөн ажлын хэсгийн гишүүд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаа болон Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг, сум хэрэгсэлтэй танилцсан байна.

Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд хуулийн төсөл нь цөөхөн зүйлтэй байхад зарчмын зөрүүтэй олон санал байна, ажлын хэсэг засгийн газарт хуулийн төслийг буцаагаад саналуудыг тусгаад оруулж ирье гэсэн бол Ц. Оюунбаатар гишүүн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, цэргийн алба хаасан хүмүүс галт зэвсэг худалдаж авч болох юм гэсэн санал гаргалаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р. Гончигдорж Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамт оруулж ирье гэсэн санал гаргалаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй олон саналыг шинэчилсэн найруулгын төсөл болгон хэлэлцэе хэмээн үзсэн тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Дараа нь ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Ингэснээр Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш