logo
Гадаад худалдааны эргэлт 7.1 тэрбум ам.долларт хүрлээ

Гадаад худалдааны эргэлт 7.1 тэрбум ам.долларт хүрлээ

2011/09/20
Манай улсын гадаад худалдаа улам өссөөр байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаад худалдааны нийт барааны эргэлт 7.1 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэсээ 88.4 хувиар өсчээ. Үүнээс хамгийн их худалдааг БНХАУ-тай хийсэн байна. Өмнөд хөрштэй нийт бараа эргэлтийн 54.9 хувь буюу 3.8 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Харин ОХУ-тай 1 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт ийнхүү өсөхөд экспортын гол нэрийн 10 бүтээгдэхүүний хилийн дундаж үнэ 54.3 хувиар, импортын гол нэрийн бараа, түүхий эдийн биет хэмжээ 70.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж Монголбанкны гадаад худалдааны тоймд мэдээлсэн байна.

Гадаад худалдаа өсөхийн хэрээр алдагдал мөн өсчээ. Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт экспорт, өнгөрсөн оны мөн үетэйгээ харьцуулахад 61.1 хувиар өсч 2.9 тэрбум ам.долларт хүрчээ. Харин импорт 113.3 хувиар өсөн 4.2 тэрбум ам.доллар болсон байна.

Импортын өсөлтийн хурд экспортынхоос 1.8 дахин илүү байснаар гадаад худалдааны алдагдал 1.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс валютын төлбөртэй барааны алдагдал 437.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 24.3 дахин өсөөд байна.

, ТҮҮХИЙ ЭНүүрсний экспорт өссөөр...
Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт экспортын 39.9 хувийг нүүрс, 22.9 хувийг зэсийн баяжмал, 9.5 хувийг төмрийн хүдэр ба баяжмал, 5.2 хувийг боловсруулаагүй нефть тус тус бүрдүүлж байна. “Бороо Гоулд” ХХК 1474.9 кг алтыг Канад улс руу, Хадгаламж банк 150.8 кг алтыг БНСУ руу, 397.8 кг алтыг Швейцарь улс руу, Монголбанк 684.7 кг алтыг Их британи улсад тус тус экспортолсон байна.

Зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт, молибдений хүдэр ба баяжмал, ямааны угаасан самнасан ноолуурын экспортын биет хэмжээ буурснаар нийт экспорт 76.8 сая ам.доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс, боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, жонш, лейцит, нефелинт сиенитийн биет хэмжээний өсөлтөөс шалтгаалан 247 сая ам.доллараар, эдгээр бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 893 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

Импорт 2.1 дахин өслөө.

Нийт импорт 4.2 тэрбум ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд: хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 147.5 хувиар өсч 843.7 сая ам.долларт, нефтийн импорт 82.6 хувиар өсч 726.9 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 3.1 дахин өсч 683.5 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ. Нийт импортын 79.3 хувь буюу 3.3 тэрбум ам.долларыг валютын төлбөртэйгээр, 18.4 хувь буюу 772.5 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
Х.Билэг
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш