УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзяны урилгаар энэ сарын 27-28-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга хамгийн түрүүнд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхсан юм. Уг уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар танай сайхан оронд наймдугаар сард хийсэн айлчлалын үеэр, БНХАУ, Монгол Улс стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь цаашид хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал үйл явдал болсон. Хоёр улсын хооронд хоёрхон цагийн хугацаанд зорчин очих боломжтой байдаг нь БНХАУ, Монгол Улс улс төр, эдийн засаг, боловсрол, нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах нөөц бололцоо асар их буйг нотлон харуулж байна. Бид өнөөдөр хүрсэн арвин их түүхтэй хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлж, эрчимжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэж байлаа.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийсэн бөгөөд энэ уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нар “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн айлчлалын сүүлийн өдөр УИХ-ын дарга БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын CNPC корпораци болон “Синопек” корпорацийн үйл ажиллагаатай танилцаж манай улстай цаашил хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцсан.
Үүнээс гадна Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлснээр УИХ-ын дарга З.Энхболдын БНХАУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна.