Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын том зорилт хоёр жилийн хугацаанд ямар үр дүнд хүрч байгаа хийгээд ямар бэрхшээл үүсч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс аймгуудын Засаг дарга нар оролцлоо.
Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш орон нутгийн хөгжлийн бодлого орхигдоод байсан бол сүүлийн хоёр жилийн дотор аймгийн төвүүд өнгө төрхөө өөрчилж, гудамж замууд шинэчлэгдэж, орон сууцны хорооллууд босч байна. Хөдөөд гол бэрхшээл болж ирсэн дулаан, цахилгааны хангамж эрс сайжирснаар үйлдвэрлэл, бизнес тэлэх таатай нөхцөл бүрдэж байна гэж дээрх аймгуудын удирдлагууд хэллээ. Зөвхөн аймгийн төвүүд биш сумд ч орчин үеийн хот суурингийн жишгээр хөгжиж эхэлсэн нь Монгол Улсын түүхэн дэх том дэвшил юм. Улсын хэмжээнд 19 сумыг жишиг болгон шинэчилж байгаа бол өөр олон сум өөрсдийн санаачилгаар орчноо өөрчилж байна. Орон нутагтаа иргэд тав тухтай, ажил орлоготой амьдрах боломж ийнхүү бүрдсэнээр хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдэл эргэж эхэлсэн гэж Засаг дарга нар онцоллоо. Алслагдсан аймгуудаас өнгөрсөн 20 жилд хамгийн олон иргэн нийслэлд шилжиж ирсэн бол энэ оны эхний 9 сарын байдлаар Увс аймагт 2000, Ховд аймагт 1000 гаруй хүн, Сүхбаатар аймагт 130 гэр бүл төрөлх нутагтаа буцан нүүж очжээ.
Жижиг засвар, тохижуулалтыг хүртэл "төвийн" зөвшөөрлөөр хийдэг байсан санхүүгийн механизмыг халж, 2012 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн. Орон нутгийн түвшинд тулгамдсан асуудлуудыг иргэдийнхээ оролцоотой эрэмбэлж, шуурхай хэрэгжүүлж чаддаг болсны үр дүнд ард иргэдийн амьдрах орчин эрс сайжирч байгаа гэнэ.
Улс орныг хамарсан эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж байгаа ч орон нутагт эдийн засгийн нөхцөл эерэг үзүүлэлттэй байгаа. Орон сууцны борлуулалт, иргэдийн хадгаламж тогтмол өсч байгаа нь үүний илрэл юм гэж зарим аймгийн Засаг дарга тодотголоо. Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар иргэдийн хадгаламж 6 тэрбумаар нэмэгдсэн. Ховд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн 2 жил дараалан 30 гаруй хувиар өссөн, бусад аймгийнх ч тогтмол өсч байгааг статистикийн мэдээнээс харж болно гэлээ.
Аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл бий болж байгаатай уялдуулан зарим аймаг шинэ төлөвлөлт хийж байна. Энэ төлөвлөлтдөө гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татаж, хувийн хэвшлээ идэвхтэй оролцуулахыг эрмэлзсэнээр зарим аймаг хуваарилагдсан төсвөөсөө давсан бүтээн байгуулалт хийж чадсан. Эрчтэй урагшилж байгаа энэ мэт ажлууд тасалдалгүй үргэлжлэх нь чухал байна гэж аймгийн Засаг дарга нар хэлэлцүүлгийн үеэр хэллээ.