АТГ хааччихав аа. Харав уу та бүхэн. Уг нь цалинг нь цагт нь өгөөд төрийн ажлыг тасралтгүй үргэлжилж байгаа гэж ойлгосон юмсан. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцормогц яг л татан буугдчихсан юм шиг таг болчихлоо. Тэгэхээр үнэхээр зарим хүний хардаад байсан шиг улс төрийн зорилготой байгууллага болчихсон юм биш биз. Ингэхэд АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат хаачив. Бас алга уу.
Гэхдээ АТГ нь хэвээрээ байгаа байх. Шалгаж байсан хэрэг нь ч гэсэн мөн адил. Тухайлбал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг сэжигтнээр тооцсон бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохиролын асуудал таг чиг болчихлоо. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сантай холбоотой хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэснээ хөөрхий охины нулимсыг Монголын ард түмэнд харуулаад “санаа амрав” бололтой.
АТГ-аас хийсэн мэдээллүүдээс сануулахад:
- “Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна”,
-“Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн Засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрсэн. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн”.
-“Гудамж” төсөлд зориулагдсан хөрөнгөнөөс төсвийн урсгал зардалдзарцуулахгүй байх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийг эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан байна. Мөн Гудамж төслийнхөө нэгжээс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байна.
-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх тэргүүтэй хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байгаа. С.Батмөнх нар өөрийн байгууллагад харьяалалгүй олон хүнд 14 тэрбум төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, гадаад томилолтын зардлыг даасан зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд холбогдоод байгаа...
Энэ мэтчлэн олон дуулиант хэргийн гол эзэд нь олны танил улстөрчид, эсвэл агентлагийн дарга нар байв. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулснаас хойш АТГ “таг болчихлоо”.
Үнэхээр Ерөнхий сайд асаны ихэд бухимдан “тэмцэхээ илэрхийлж” байсанчлан улс төрийн зорилгоор ажиллаж байсан бол, тэрхүү үр дүндээ хүрсэн бол тус газрыг татан буулгаж яагаад болохгүй гэж.
Эсвэл авлигын хэрэгт холбогдож болзошгүй хүмүүсийн ХОМ /хөрөнгө орлогын мэдүүлэг/ бүртгэлийн тасаг болгочихмоор юм.
АТГ-ыг улс төрөөс ангид авч үзэх боломжгүйг өнгөрсөн наймдугаар сарын 5-нд ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогт-Очир нэгэн албан бичиг үйлдэн, албаны шугамаар бус тусгай элч зарж, ШШГЕГ, ЦЕГ, Тахарын алба, ХХЕГ, УПЕГ зэрэг хууль сахиулах байгууллагуудад хүргүүлсэн байна. Тэрбээр энэхүү бичигтээ “Агентлагууд 2012 оны наймдугаар сарын 18-наас энэ оны наймдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд АТГ-аас ирүүлсэн хуулийн хэрэгжилт, боловсон хүчний бодлого болон бусад бүх асуудлаар мэдээлэл авахыг хүссэн албан бичиг, тус албан бичгийн хариу болгож явуулсан албан тоот, хамааралтай баримтыг яаралтай ирүүл” гэж шаарджээ гэх мэдээлэл олон хэвлэлд зэрэг гарсан. Үүний дараа АТГ-ыг татан буулгах тухай яриа, мэдээлэл ч элбэг харагдах болсон.
Тэгэхээр АТГ ажлаа “сайн” хийснийхээ шагналд байгууллагаа татан буулгаж магадгүй. Хэн нэгэн гишүүн ийм агуулга бүхий хуулийн төсөл өргөн барьвал гайхах хэрэггүй бололтой. Нэг ёсондоо Монгол Улс авлигатай тэмцэх зорилгоосоо ухрах уу. Эсвэл АТГ-ыг улс төрөөс ангид байлгах, улс төрийн зорилготойгоор ашиглуулахгүй байхын тулд тус байгууллагыг хамгаалах уу гэдэг сонголт дээр ирээд байна.
Ямартай ч АТГ Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсон шийдвэр гарснаас хойш ганц үг ганхийхээ больсон нь тэдний зорилго үр дүнд хүрсний жишээ юм биш биз гэж хардахад хүргэлээ. Түүнээс биш бүгд халширч жигшээд АТГ-т шалгуулах үндэслэлтэй ямар ч алхам хийхгүй томоожсон гэхэд итгэх аргагүй юм.
Д.Мөнхмаа