logo
Увс аймагт дүүжинт өргүүрээс хүн унаж бэртжээ

Увс аймагт дүүжинт өргүүрээс хүн унаж бэртжээ

2014/11/13

Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна.

Тухайн аж ахуйн нэгж нь ган татлагатай дүүжинт өргүүрийнхээ өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа. Иймээс шаардлагыг хангах хүртэл улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна.    

Тус компанид өнгөрсөн долоодугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байжээ. Мөн дөрөвдүгээр сард барилгын салбарын удирдах ажилтан, ажилчдыг хоёр өдрийн сургалтад хамруулж, барилгын өндрийн ажил, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагын талаар танилцуулан, аюулгүй ажиллагааны заавар, журам, гарын авлагаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

2014 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо, КТМС-ийн зүүн талд байрлах барилгын дөрөвдүгээр давхраас “Ариун-Очир” компанийн туслах ажилчин Б унаж нас барлаа. Тэрбээр иргэн С.Даваасүрэнгийн захиалгаар барьж байгаа 13 давхар, 78 айлын орон сууцны барилгын тагтны хашлага суурилуулж байсан бөгөөд хамгаалах бүс хэрэглээгүй байснаас осолджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш