logo
Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014/11/14
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2014.11.13/ үдээс хойш хуралдаж үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан авах  зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

   Тус байнгын хороо Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгээс гаргасан 70 гаруй зарчмын зөрүүтэй саналууд чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул дээрх саналуудыг хангахад эрх зүйн талаас нь зохицуулалт хийх  шаардлагын дагуу тогтоолын төслийг боловсруулсан байна. Дээрх тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм.

   Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс найруулгын шинжтэй зарим санал гарсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжигдсэнээр тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш