УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн зохион байгуулж буй “Төр ба Иргэн” өдөрлөг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багаас эхэллээ. Багийн төвд хэдийгээр цаг агаар таагүй байсан ч 150 гаруй хүн хүрэлцэн ирж, өдөрлөгт оролцсон юм. Тарагт сумын Туяа баг 750 орчим хүн амтай, 230-аад өрхтэй. Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэн олон. Багийн төвдөө эмнэлэг, таван жилийн сургуультай. Өнгөрөгч гуравдугаар сард УИХ-ын дэд дарга Г.Батхүүг ирэх үеэр багийн эмч унаатай болох, багийн төвийг шинээр барих асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. “Төр ба Иргэн” өдөрлөгт ирсэн иргэд энэ асуудлыг холбогдох газруудад нь тавьж шийдвэрлэж өгсөнд талархаж байлаа. Иргэдийн уулзалтын эхэнд УИХ-аас баталсан хууль тогтоол, шийдвэр, цаашид хийхээр зорьж буй ажлын талаар бэлтгэсэн мэдээлэл, хамтаараа хөдөлмөрөө хоршиж хэрхэн хөгжиж болох тухай баримтат киног үзүүлсэн. Дараа нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү Монголын баг, сумдын холбоог байгуулснаа дуулгаад, иргэдийн сонирхсон асуултад хариулж, НХХЯ, Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд нийгмийн халамж, даатгал, Хүний хөгжил сан, хувьцааны талаар тодорхой мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэд Тавантолгойн хувьцааг хэрхэн эзэмших, үр өгөөжийг нь яаж хүртэх, ягаан, цэнхэр тасалбар гэхчилэн олон сэдвээр асуулт асууж байлаа. Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Монгол секуритис” брокерийн пүүс энэ үеэр иргэдэд хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг оношлогоо явуулж, ЭХО, лабораторийн шинжилгээ авсан. “Төр ба Иргэн” өдөрлөг төрийн үйлчилгээг багийн иргэдэд хүргэж, иргэн, төрийн харилцааг ойртуулж буйгаараа онцлог, ач холбогдолтой боллоо хэмээн Туяа багийнхан ярьж байсан. УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээнэ. Сайн сайхан амьдрах, улс орноо хөгжүүлэхийн төлөө хүн өөрөө эхэлж хичээж зүтгэх нь чухал” гээд Монголын баг, сумдын үндэсний холбоог байгуулсан зорилго нь “Баг, сумыг хөгжүүлж байж улс орон хүчирхэгжинэ” гэдэгт чиглэж буйг онцолж байв. Тэрээр Өвөрхангай аймгийн бүх багийн Засаг дарга нарыг компьютержүүлэхээр шийдвэрлэснээ дуулгалаа. Тиймээс өдөрлөгийн үеэр Тарагт сумын Туяа болон бусад багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер гардуулсан юм. Түүнчлэн Туяа багийн сургуульд суурин компьютер бэлэглэсэн