Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Баруун салаа орчимд зөвшөөрөлгүй дураараа бууж, суурьшсан айл өрх цөөнгүй бий. Дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үүнтэй холбоотой өргөдөл гомдол, газрын маргаан, шийдвэрлэх асуудал олон байдаг аж. Дүүргийн Засаг дарга М.Чинболд Өмч, газрын харилцааны албаны ажилтнуудын хамт өчигдөр тухайн газар дээр очиж нөхцөл байдалтай танилцлаа. Голын ай сав газар, рашаан булгийн эх, ой мод дунд зөвшөөрөлгүй буусан айлууд мод огтлох, байгаль орчныг бохирдуулах зэрэг сөрөг үр дагавартай байгааг харгалзан холбогдох хууль тогтоомжийн дагуу нүүлгэх арга хэмжээ авах талаар судлан танилцуулахыг Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Түүнчлэн энэ орчимд мод үржүүлэгийн чиглэлээр авсан газраа зориулалтыг нь өөрчлөн ашиглаж байгаа зэрэг зөрчлүүдийг шийдвэрлэх болжээ.