Концертын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа сонгодог урлагийг шүтэн бишрэгч та бүхэнд энэхүү өндөр хүндтэй тайзан дээрээс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын алтан хоолойтнуудын концертыг ОХУ-д зохион байгуулах сайхан санаачилга гаргасан Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Соёлын яам, ОХУ-ын Их театр, Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлагад баяр хүргэе.
Монголын ард түмэн мянганаар хэмжигдэх ардын урлагийн баялаг уламжлалтайг та бүхэн мэднэ. Европын сонгодог урлаг өнгөрсөн зууны 50-иад оноос монголчуудын хүртээл болсон. Европын шинэ сонгодог урлагийг монголчууд эзэмшихэд тухайн үеийн ЗХУ том талбар нь болсон юм. Домогт С.Я.Лемешев, аугаа сурган хүмүүжүүлэгч Е.И.Щевелева, Л.Э.Краснопольская нар Монголын анхны дуурийн дуулаачдын багш байсан. Аугаа тенор Лемешевийн шавийн шавь, өнөөдөр энэ алдарт тайзан дээрээс дуулж байгаа баритон Амартүвшингийн багш, Монгол Улсын гавъяат багш Ц.Ерөө, Л.Э.Краснопольскаягийн шавь Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор нарыг танилцуулахад таатай байна. Монголын хөгжмийн зохиолчид, зураачид, жүжгийн зохиолчид, сонгодог бүжиг дэглээчид, хөгжимчид, театр, бүжгэн жүжигчдийн бүхэл бүтэн үе Оросын урлагийн мастеруудаас суралцсаныг тэмдэглэхэд таатай байна. Дэлхийн сонгодог урлагийг Монголд хөгжүүлэхэд Орос Улсын оруулсан үнэтэй хувь нэмрийг өндөр үнэлэн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Монгол, Орос хоёр орон дайны үед ч, энхийн цагт ч олон шалгуурыг давсан найрамдлын нандин холбоотой. Хоёр орны Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, В.Путин нар тогтмол уулзаж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр санал бодлоо хуваалцаж байгаа. Үүнээс гадна бид өөрсдөө энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулж , бизнес, соёлд сэтгэл зүрхээрээ ойртон дотносох учиртай. Өнөөдрийн энэ тоглолтыг ч энэ зорилгоор хийж байгаа юм. Монгол Улсын Соёл, урлагийн их сургуулийн төгсөгчид нас залуу боловч олонд танигдсан уран бүтээлчид өнөөдөр та бүхний өмнө дуулах гэж байна. Монголын алтан хоолойтнууд та бүхэнд, багш нарынхаа багш нар, тэдний дурсгалд зориулж талархлаа дэвшүүлэх гэж байна” гэв.
Тэрээр хоёр орны иргэд энэ 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчдог болсныг тэмдэглэж, оросуудыг уул, талын Монгол орон, дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй орны нэг болоод байгаа Монгол Улсад, найз нөхөддөө зочлон очихыг урьж байна гэж хэлхэд үзэгчид алга ташив.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл тэргүүтэй тус яамны хамт олон, Москва хот дахь монголын компаниудын төлөөлөгчийн газрынхан, “Мөнх тэнгэр” монголчуудын нутгийн зөвлөлийнхөн, оюутнууд концертыг үзэж сонирхов. ЭСЯ-ны төв байранд монголын төдийгүй дэлхийн тайзанд нэрээ гаргаж яваа дуурийн дуучид, тэдний багш нар болон удирдан яваа хүмүүсийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.