Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хамтын ажиллагаа, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны сургалтыг найман сарын хугацаанд зохион байгуулсан юм. Төслийн хүрээнд өнөөдөр / 2014.11.24 / 16 тэтгэлгийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэх, сайн туршлага солилцох семинарыг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр орон нутгийн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог дэмжих, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих 16 тэтгэлгийн үр дүнг хэлэлцэж, сайн туршлагаа солилцохоор орон нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Семинарыг нээж Төслийн үндэсний захирал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, баруун бүс, говийн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулж, орон нутгийн Иргэдийн Хурлын саналыг авч энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд орон нутгийн Иргэдийн Хурал, засаглалтай холбоотой эрх зүйн орчинг сайжруулах талаар нэгдсэн санаагаа гаргах бодолтой байна. Мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс гадна “ Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төсөл хэрэгжиж байгаа. Энэ хоёр төсөл хоорондоо салшгүй холбоотой. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөлд орон нутгийн хурлыг зохицуулсан эрх зүйн харилцаа, сургалт бүрдүүлэх зэрэг багтаж байгаа бол “ Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн хувьд УИХ дээр, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог яаж хангах, орон нутгийн байгууллага, Иргэдийн Хуралтай яаж хамтран ажиллах вэ гэдэг чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулахаар зорьж байгаа гэлээ.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр орон нутгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Орон нутгийн хөгжлийн сангийн талаарх бүх нийтийн санал асуулга, аймаг, сумын ИТХ-д шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах жишиг тогтоох, явуулын иргэний танхим зэрэг тэтгэлэгт 16 сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг арга хэмжээ өнөөдөр үргэлжлэх юм.