Өчигдөр үдээс хойш улс төр гэнэт “халуурав”. МАН “хатгалгаа” тусчихав уу л гэж бодлоо. “Ц.Нямдорж МАН-аас гарна гэв”, “Баасан гаригт болох МАН-ын Бага хурлаар тус намын генсек Ж.Мөнхбатыг хөөх гэнэ” гэхчлэн халуундаа солиорсон мэт мэдээллүүд хөвөрч эхлэв. Нэн даруй үйл явдлын “гол баатар”-уудаас лавлатал “Огт тийм зүйл болоогүй” гэсэн хариу сонсов. Арай барьцтай нь “АН-ын Засгийн газарт МАН-аас гарсан ч яадаг юм бэ, тэгсэн тохиолдолд генсек Ж.Мөнхбаттай хариуцлага тооцно” хэмээн Ц.Нямдорж гишүүн “архирсан” сурагтай. Гэхдээ энэ нь нэгэн намын дотор байдаг л шүүмжлэл учир хэлсэн, хэлүүлсэн хоёрын хэн нь ч, тус намынхан ч төдийлөн эмзэглэж сүйд болоогүй аж.
Харин ийм мэдээллээр “халууруулан” асуудал үүсгэхүйц цуурхалаар гэнэт бөмбөгдөн МАН-ынхныг эвдрэлцүүлэх мэргэн санааг МАХН-ынхан бодож олсон юмсанж. Мэдээ хийсвэр боловч нисч ирээд сонины хуудаснаа буучихдаггүй, мэдээллийн сайтуудад нян шиг тархан халдварладаггүй. Мэдээг хүн бичдэг. Уг нь энэ эрх зөвхөн сэтгүүлчдэд байдаг ч эдүгээ мэдээ нь хаанаас ч юм бэ, өндөр нууцлалтайгаар залран ирж “хоймор” эзэлдэг болсон. Гэвч Монголд “нууц” гэгч зүйл оршин тогтноход хэцүү шүү дээ. Төрийн нууц хүртэл хэрхэн задарч иргэнээ ичээдэгийг өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын эсрэгцлээс харлаа.
Тэгвэл МАХН яах гэж ийм мэдээлэл тараав. МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хурал дээр чухам ямар яриа өрнөснийг үг алдуулах тактикийг “өрх тусгаарласан нам”-ынхан өнгөрсөн хэдэн жилд хангалттай эзэмшсэн. Ингээд нэг намд байхаасаа занг нь мэдэхийн хувьд Ц.Нямдоржийн бухимдахдаа хэлсэн “МАНАН байгуулахдаа тулбал энэ намаас чинь гарсан ч яадаг юм бэ”, “МАНАН байгуулах шийдвэр гаргавал генсектэй ч хариуцлага тооцох болно” гэх үгсээр “гал ноцоохоор” төлөвлөжээ.
Гэвч ард түмэн Ц.Нямдоржоо тэднээс илүү мэднэ. Юу бодсоноо яаж илэрхийлдгийг ч гадарлана. Тэгэхээр “Хөөгдөх Ж.Мөнхбат, халаглах МАН-ынханы өмнөөс” МАХН-ынхан “мэдээ тарьж ургуулсан” болж таарлаа. Үүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хачин сайн хийж чадна. Засгийн газарт орох эсэх асуудлаар МАХН, МҮАН тус тусдаа болон хамтран хоёр өдөр хуралдаад байгаагийн цаана өнөөх эрхэм өрөвдүүлэгч нуугдаж буй.
“АН-ынхны манай намтай хийсэн гэрээг байнга сануул. МАНАН байгуулагдахын сөрөг талыг сайн сурталчил” хэмээн команд өгөөд одсон тэрбээр юу юугүй МАНАН байгуулагдах дээрээ тулчихаад байгааг анзаарч тун их сандарч буй бололтой. Түүний хоёр “дайсан” хооронд нь хаясан чулууг тойроод гар барилцаад унавал түүн шиг “аюул” хаана байна гэхээс Н.Энхбаяр ямар ч мэх хэрэглэхээс буцдаггүй дээрээ байна.
Хэрэв МАНАН байгуулагдвал, МАХН-гүйгээр төрөө барьж чадаад байвал түүнд аятайхан байхгүй. Өөрөөр хэлбэл, “Хүнд хэрэггүй байх шиг гаслантай зүйл үгүй” гэдэгчлэн сэтгэлзүйн хувьд тун зовиуртай байгаа бололтой. Энэ тохиолдолд ойр тойрныхноо, “барьцаалах” шахам намдаа элсүүлсэн хэдийгээ л хуучны аргаараа шахахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс ч өчигдөр МАХН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд “Нам бол бөөмс. Бөөмсийн зорилго үндсэн чанараа алдах үед төвөөс зугтах хүч үйлчлэх ёстой. Нам гишүүдээ хөөж чадахгүй. Намаас гарах шиг амархан юм байхгүй. Бид эс дуугарвал бидний төлөө гэх хэн ч үгүй” гэхчлэн бухимдуухан жиргээд дараа нь тайвширсан бололтой бүх жиргээгээ устгасан байв.
Тэгэхээр АН-ынхны нэгэн адил МАХН-ын удирдлагууд ч “таалагдаагүй” гишүүнээ хөөдөг болж. Энэ талаар МАХН-ын гишүүн О.Чулуунбат хэлэхдээ “Намын даргаа шүүмжилнэ гэдэг амьд асуудал. Би АН-МАХН-ын гэрээг шүүмжилсэн. Үүнээс болж намайг намаас хөөнө гэж байхгүй. МАХН-ыг би хаяна уу гэхээс намд хөөгдөнө гэсэн асуудал байдаггүй юм” гэсэн. Энэ бол хамгийн товч тодорхой, үнэн тайлбар биш гэж үү.
Энэ мэтчлэн МАХН “МАНАН” руу чулуу шидэж эхэллээ. МАНАН байгуулагдаа ч уу, үгүй ч үү. Байгуулагдлаа гэхэд МАХН-ын шидсэн чулуу “МАНАН”-г оноо ч уу, үгүй ч үү. Ер нь “Манан руу чулуу шидэж устгана” гэдэг эрүүл ой санамжид байж болох санаа мөн гэж үү. Эрх мэдлийн тэчъяал гэдэг эрүүл бус болгодог гэдэг үнэний ортой байж болох юм шүү.
Н.Батнягт