Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2014.12.01/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Жим Андерсон улс төрийн чухал асуудлууд хэлэлцэж байгаа энэ үед цаг гаргаж уулзаж байгаад Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтод талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж буй дөрвөн төслийг танилцууллаа. Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд нээлттэй, ил тод засаглалыг төлөвшүүлэх тал дээр маш өндөр түвшинд хүрсэн. Дэлхийн банк энэ удаад хэрэгжүүлэх “Ухаалаг засаг” төслөөрөө төрийн үйлчилгээг үр дүнтэй, олон нийтэд хүртээмжтэй болгох үүднээс орчин үеийн мэдээллийн технологийн арга хэрэгсэл, шийдлийг нэвтрүүлэхийг дэмжсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй шат, шатны байгууллагуудын дунд нэгдсэн мэдээллийн бааз бий болгох “Цахим эрүүл мэнд” төсөл, суурь боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын давтан сургалт, хөгжүүлэлтийн асуудлыг шийдэх, боловсролын чанарын мониторинг хийхэд чиглэсэн “Боловсролын чанарын шинэчлэл”, мөн Засгийн газрын баримталж буй төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсвийн эрх мэдлийг сайжруулах чиглэлтэй уялдуулсан “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат” төслүүд бэлэн болоод байна. Эдгээр төслийн бэлтгэлд багагүй хугацаа зарцуулсан бөгөөд хэрэгжүүлэгчийг товлох гэж нэлээд удсан. Одоо санхүүжилтийн асуудал нь шийдэгдэн бэлэн болсон эдгээр төслийг хэрэгжүүлж эхлүүлэхийн тулд Байнгын хороодоор хэлэлцүүлж, Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай. Тиймээс Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт та дэмжиж өгнө үү хэмээн хүслээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар мэдээлэл өгсөн нь шийдвэр гаргах явцад нөлөөлөх нь лавтай. Цаашдаа тус тусын холбогдох чиглэлээр байнгын мэдээлэл солилцож, хамтран ажиллахад таатай байна” хэмээн дээрх төслүүдийг дэмжихээ илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.