logo
Цахимжуулах ажилд хөрөнгө их шаардагддаг ч, ажил дуусвал урсгал зардлыг бүрэн хэмнэх боломжтой

Цахимжуулах ажилд хөрөнгө их шаардагддаг ч, ажил дуусвал урсгал зардлыг бүрэн хэмнэх боломжтой

2014/12/03
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.

-Мэдээллийн технологийн газар энэ онд ямар ажлыг амжуулав гэдэг асуултаар яриагаа эхэлье?
-Манай газар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг батлуулаад, хамгийн эхэнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлсэн. Ингэхийн тулд эхлээд төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах хэрэгтэй шүү дээ. Тиймээс бүх дүүрэг, хороонд болон нийслэлийн харьяа байгууллагуудыг шилэн кабелиар холбох ажлыг эхлүүлсэн. Үүнийг шилэн кабель татаж байна гэж буруу ойлгож магадгүй, хувийн хэвшлийн байгууллагуудын татчихсан кабелийг түрээсэлж байгаа гэсэн үг юм. Энэ ажлын үр дүнд иргэд хорооноосоо улсын бүртгэлийн 10 гаруй үйлчилгээг авах боломжтой болсон. Өмнө нь лавлагаа авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан. Тэгвэл өнөөдөр дурын хороон дээр очоод цахим үнэмлэхээрээ оршин суугаа хаяг, гэрлэлтийн, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт лавлагааг авдаг болсон байгаа. Үүнээс гадна нийслэлийн Дата төвийг бий болгох ажлыг эхлүүлэн, эхний шатны ажлуудыг хийж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн сангуудыг байршуулах, хадгалах, тэдгээрийг арчлах, нууц хамгааллыг сайжруулах ажлыг хийж байна. Цаашид ч энэ чиглэлээр ажлууд хийгдэнэ.

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч дорвитой ажил хийсэнгүй хэмээн шүүмжилж байсан?
-Энэ оны төсөвт манай байгууллагад 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Харин тодотголоор нэг тэрбум төгрөг нь хасагдаад 3.2 тэрбум төгрөгийн төсөвтэй ажилласан. Хэдийгээр ийм хэмжээний төсөвтэй ажилласан ч бид энэ онд 20 орчим ажлыг хийсэн. Хуралдааны үеэр хийсэн ажлынхаа тухай тайлбар хийе гэсэн ч энэ олон ажлыг тэр бүр тоочих нь цаг хугацааны хувьд боломжгүй шүү дээ. Нэгдсэн тайлангаа бүх төлөөлөгч нарт хүргүүлж байгаа. Мэдээллийн технологийн салбар өөрөө их онцлогтой. Учир нь заримдаа хүнд харагдахуйц гарт баригдахуйц биш, гэхдээ ирээдүйд гарах үр дүн асар өндөр, эдийн засгийн маш их ач холбогдолтой байдаг. Үүнийг  барилга гэх мэт бүтээн байгуулалтын салбартай харьцуулж ойлгох боломжгүй л дээ.

-Үр дүнд хүрсэн ажлуудаасаа тодруулаач?
-Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцоолох програм хангамжийг нэвтрүүлсэнээр хороо дүүрэг, агентлагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчилж, хоорондоо мэдээллээ нэгтгэх, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлсэн, мөн хороон дээрх мэдээллийн баазыг үүсгэсэн зэрэг давуу талтайн дээр иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн талаар мэдээлэл авах боломж бүрдсэн. Иргэд нийтдээ 62 үзүүлэлтээр тооцоолсон индекс харах боломжтой байгаа. eabi.ub.gov.mn цахим хуудсанд хандан энэ талаархи мэдээллийг авах, мөн өөрсдийн санал хүсэлтээ тус системээр дамжуулан илэрхийлэх боломжтой. Үүнийг ашиглан нийслэл төлөвлөлт хийх, ирэх онд юунд анхаарах зэрэг төлөвлөгөө гаргахдаа дээрх үзүүлэлтүүдийг ашиглах боломжтой болсон.

Үүнтэй адил  manaikhoroo.ub.gov.mn цахим хуудсанд хороодын зураглалыг байршуулсан. Хорооны худгаас эхлээд цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоо гэх мэт бүхий л зүйлсийн тоо хэмжээгээр иргэдийн оролцоотой зураглал гаргасан.  Мөн цаашдаа эдгээр цахим хуудсыг нэгтгээд нэг систем болгоод нийслэлийн хөрөнгө оруулалтыг иргэд шийдэх, иргэдийн саналыг тусгадаг болох боломжтой юм. Ингэснээр хороонд юу хэрэгтэй байгаа нь тодорхой харагдах учраас хөрөнгө оруулалт илүү үр дүнтэй, оновчтой болох юм. Тэгэхээр манайхаас ийм төрлийн систем олныг хийж, мэдээллийг нэгдсэн баазад байрлуулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлтэй холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй болгож, хөгжлийн чиг хандлагыг ч тодорхойлох боломжтой болно гэсэн үг.

Үүнээс гадна нийслэлийн бүх төрийн албан хаагчдын цахим ажлын байрны нэгдсэн системийг хийж байна. Өнөөдөр нэг хүн ажлаас гарахад тухайн хүний ашиглаж буй компьютер дээрх мэдээлэл устдаг, түүнийг тухайн ажилтан өөрийн өмч мэт ойлгох ойлголт түгээмэл байна. Гэтэл энэ бол төрийн буюу нийслэлийн өмч бөгөөд тухайн хүн зөвхөн ажлын шугамаар тус мэдээллийг авсан байдаг. Энэхүү системийг ашигласнаар мэдээлэл устах, мэдээллийн талаарх ташаа ойлголт засагдах, төрийн ажил хэвийн тасралтгүй явагдах, ажилтны ажлын түүх үлдэх зэрэг нөхцөл бололцоо бүрдэх юм.
Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бид их том зорилт тавин ажиллаж байна. Төсөвлөсөн томоохон ажлуудыг хийхэд төсөв хөрөнгө их шаардагдах нь ойлгомжтой.

-Хороодын Засаг дарга байгууллагуудын ажлын уялдаа муугаас болоод нэгнийхээ хийсэн ажлыг нөгөө байгууллага сүйтгэдэг тухай асуудлыг дэвшүүлдэг. Тэгэхээр нэгдсэн мэдээллийн сантай болсноор дээрх зөрчил гарахгүй гэж ойлгож болох уу?
-Бид урсгал зардлаа танаж, бүтцээ цомхотгоё гэж ярьдаг. Тэгвэл хамгийн түрүүнд бүх үйл ажиллагааг цахимжуулах шаардлагатай. Хэрэв бүх үйл ажиллагаа нь цахим болох юм бол албан бичиг хөтлөх гэх мэт ажлын байрны орон тоо аяндаа цөөрнө. Харин төсөл хөтөлбөр боловсруулдаг л ажлын байр бий болно. Үүний зэрэгцээ бүх үйл ажиллагааг цахимжуулсанаар бичиг, цаасны зардал ч багасна. Нэг сонирхолтой жишээ дурдая л даа. Эстон улсын Таллин гэх 400 орчим мянган хүн амтай хот байдаг. Тэдний мэдээллийн технологийн газар нь 60 орчим л ажилчинтай. Гэтэл тус хот 2000 оны эхээр зоригтой алхам хийж төрийн үйлчилгээгээ бүрэн цахимжуулсан байгаа юм. Ингэснээр үргүй зардлуудыг 50% хүртэл бууруулж чадсан байна. Тухайн үед энэ хотын захиргаанд ажиллах хүн хүч багатай учраас л цахимжуулах шаардлага гарсан гэдэг. Хэдийгээр төрийн үйлчилгээг цахимжуулахад маш их зарлага гардаг ч цаашдын урсгал зардлыг байнгын хэмнэх, иргэдийн амьдралыг төвөг чирэгдэлгүй болгох боломж нээгддэг юм. Өнөөдөр зарим албан тушаалтнуудыг цомхотгох шаардлагатай байгаа тухай ярьж байна. Тиймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед цахимжуулах ажлыг л эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн өнөөдөр алслагдсан дүүргийн Засаг дарга нар дүүргээсээ цахим хурал хийх боломжтой болсон байгаа нь тэдний нийслэл рүү ирэх бензин, цаг зав гэх мэт зардлыг хэмнэж байгаа. Улмаар төрийн үйлчилгээг шуурхай хүргэж эхэлснээр хувийн хэвшлийн үйл ажиллагаа хурдасч, тэр нь иргэдийн амьдралд хүрдэг давуу талтай.

-Иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх хэд хэдэн аппликейшн хэрэглээнд нэвтрүүлсэн байгаа. Энэ талаар?
-Тийм. Тээврийн хэрэгслийн татвар хураамжтай холбоотой SmartCar аппликейшн, Барилгын зөвшөөрөлтэй холбоотой UBConstruction, Хот тохижилтын машины CleanUB зэрэг иргэдэд зориулсан нэлээд хэдэн аппликейшнуудыг ашиглалтад оруулсан. Тухайлбал иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг оруулаад үзлэг, оношлогоондоо хэзээ орох болон татварын бүхий л мэдээллийг авах боломжтой болсон. Ингэснээр заасан хугацаанд амжиж автомашинаа үзлэгт хамруулах гэсэн иргэд дугаарлах зэрэг асуудал шийдэгдсэн. Мөн тээврийн хэрэгслийг татвар төлснийг нотлох гурвалжин тэмдгийг хэрэглээнээс хассан. SmartCar аппликейшн мөн систем хийгдсэн. Энэ систем гарснаар бүртгэлтэй тээврийн хэрэгслийн татвар төлөлт 40% гаруй хувьтай байдаг байсныг нэмэгдүүлж чадсан. 
Замын цагдаа аливаа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг оруулаад автозам ашигласны хураамж болон татваруудаа төлсөн байдлыг харах боломжтой.

-Танай газрын хийсэн томоохон ажлын тоонд газар өмчлүүлэх цахим системийг нэвтрүүлсэн ажил зүй ёсоор орох байх. Гэхдээ багагүй хэл ам дагуулсан?
-Энэ ажлыг анх нэгдсэн том систем байх төлөвлөгөөтэй эхлүүлсэн. Тодруулбал, энэ системийг өргөжүүлбэл аливаа иргэн өмчлөх хүсэлтэй газар дээрээ алхаж яваа мэтээр 3 D хэмжээстээр хардаг байхаар шийдэхийг зорьсон. Энэ жилдээ аль болох бага төсвөөр зөвхөн бүртгэлээ цахимаар эхлүүлье гэж зорьсон. Гэхдээ алдаа дутагдал гарсан хэдий ч бид цаг тухай бүрт нь засч чадсан. Тухайн үедээ ҮДТ дээрх хамгийн сайн сервер дээр л байршуулсан. Хэдийгээр бид хандалтыг тооцоолж байсан ч дөрвөн цагийн дотор таван сая хандалт орно гэж тооцоолоогүй. Үндэсний дата төв ачааллыг даах байх гэж тооцоолж байсан ч ачааллыг дийлээгүй түр саатал гарсан ч тэр дор нь засвар хийж амжилттай дууссан. Дараагийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа энэ сарын сүүлээр явагдах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс бид шаардлагатай бүхий л ажлыг бэлдэж байна. Уг цахим системийг нэвтрүүлснээр иргэдийн цаг хугацаа, унааны зардлыг их хэмнэсэн. Өмнө нь газар өмчлөх хүсэлтэй иргэд авах эсэхээсээ ч мэдэхгүй хэрнээ л хэдэн өдрөөр дугаарладаг байсан. 15-хан хоногт иргэдээс хүлээн авсан хүсэлтийн тоо өмнөх 10 жилд хүлээн авсан хүсэлтийн тооноос 2 дахин их байна. Энэ бол мэдээллийн технологийг ашигласны давуу тал юм.

-Эмнэлгүүдийн үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байгаа тухай салбарын хүмүүс хэлдэг. Энэ чиглэлээр танай газраас хийж байгаа ажил бий юу?
-Байгаа. Бид эрүүл мэнд болон боловсролын салбарт түлхүү анхааран ажиллахаар төсөл, хөтөлбөр боловсруулсан ч төсөв санхүүтэй холбогдуулан төлөвлөсөн ажил бүтэхгүйд хүрч байна. Төлөвлөгөөний дагуу бол эрүүл мэндийн салбарт хоёр тэрбум, боловсролын салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн байсан. Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлыг хоёр тэрбум төгрөгт багтаах тухай асуудал яригдаж байгаа. Гэтэл бидний зүгээс олон ажил хийхээр төлөвлөсөн гэх мэт зөрчилдөөнтэй асуудал бий. Гэхдээ ирээдүйд эрүүл иргэнийг бэлдэж, чанартай боловсролыг богино хугацаанд эзэмшүүлэх нь чухал гэдгийг ирэх оны төсөвт санал оруулагчид бодох нь чухал юм.

-Ирэх онд хийхээр төлөвлөсөн ажлуудаас тодорхой болгожээ. Тэгвэл хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай бол?
-Нийтдээ найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай гэж оруулсан. Гэтэл энэ жил хоёр тэрбум төгрөг л төсөвт суулгах боломжтой байгаа. Тиймээс зайлшгүй хийгдэх шаардлагатай олон ажлууд хойшлогдохоор боллоо.

-Тодруулбал?
-Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор камержуулалтын ажлыг эрчимтэй хийж байгаа. Гэтэл зарим камер чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол бий. Нэгдсэн системээр хянадаггүйгээс ямар нэг хэрэг гарсан тохиолдолд нийслэлийн цагдаа дүүргийн цагдаад хандаж камерийн бичлэг шүүлгэдэг. Гэтэл камер нь чанарын шаардлага хангахгүй учраас дүрс нь танигдахгүй зэрэг асуудал гардаг. Энэ нь хэрэг илрүүлэх үйл ажиллагаанд үр дүнгээ төдийлөн өгч чададгүй. Тиймээс камеруудыг нэгдсэн системд оруулах ажлыг хийхээр 3.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан юм. Энэ бол Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд хийгдэх ёстой чухал ажил. Үүний зэрэгцээ камерт агаарын бохирдлын хэмжээг мэдээлж байх мэдрэгчүүд байх ёстой. Энэ мэтээр камерт стандарт тогтоочих юм бол дүүргүүд стандартын дагуу камер тавьж нэгдсэн сүлжээ рүү холбоход л нэгдсэн хяналтын системд холбогдож асуудал бүрэн шийдэгдэнэ. Үүнтэй хамт нийслэлийн өмчит цэцэрлэгүүдийг ч  камержуулья гэж байгаа.
Нийслэлийн боловсролын газартай хамтран хийх энэ ажилд 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардагдана. Хүмүүс цэцэрлэг тойрсон асуудлууд гардгийг бүгд мэднэ. Цэцэрлэгүүдийг нэгдсэн журмаар камержуулбал тухайн хүүхдийн эцэг, эх нь хүссэн үедээ хүүхдээ гар утсаараа ч, ажлын компьютероосоо ч хараад хянах боломжтой болно.

-Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудал иргэдийн дунд хүлээлттэй байгаа. Ямар ажил хийхээр  төлөвлөж байгаагаа сонирхуулж болох уу?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг цахимжуулья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Бүх мэдээллийг нэгтгэнэ гэсэн үг. Хүүхдийнхээ вакцин хийлгэх, өндөр настангууд эмэгтэйчүүдийн товлолт үзлэгүүдийн хугацааг мэдэхгүй байх тохиолдол байдаг. Өнөөдөр өрхийн эмч нар энэ талаархи мэдээллийг иргэд рүү утасдаж хэлдэг. Харин нэгдсэн цахим системд нэвтэрснээр иргэдэд мэдээлэл хаунлийн дагуу очдог болно. Цахим систем рүү нэвтэрснээр эмч нарт илүү нарийвчилсан мэдээлэл, иргэдэд өөрсдтэй нь холбоотой мэдээлэл очдог байх юм. Үүнээс гадна эмчилгээний түүх ч цэгцэрнэ. Өнөөдөр хүн эмнэлэгт үзүүлэхэд үзүүлсэн эмнэлэг бүр нь карт нээж өгдөг. Ингэхдээ картыг иргэд 500 төгрөгөөр худалдан авдаг шүү дээ. Тэгвэл цахимжсанаар энэ асуудал цэгцэрнэ. Өөрөөр хэлбэл, хүн цахим үнэмлэхээ авч очоод эмчид хандаж болох нь ээ. Харин тухайн хүний өвчний бүхий л түүхийг эмч мэдэх боломжтой. Ингэснээр иргэнд зөв онош тавьж, шаардлагатай эмчилгээг л хийдэг болно. Эдгээрээс гадна тогтмол үзлэгүүдэд хамрагдах хугацаа аппликейшнээр дамжуулан иргэдэд сануулга очиж байх юм.

-Гадаад харилцаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?
-Гадаад харилцаагаа өргөжүүлэх талаар манай газар их анхаарч ажилладаг. Бидний санаачлагаар Нийслэлийн Засаг даргын урилгаар Монголд анх удаа Google компаниас хэрэгжүүлж буй анхны том төсөл болох Google street view-ийг хэрэгжүүллээ. Энэ төслийн хүрээнд Google өөрсдийн зардлаар зураг хийхийн зэрэгцээ, өөрсдийн үйлдвэрлэдэг өртөг өндөртэй төхөөрөмжүүдийг бэлэглэсэн. Ингэснээр Улаанбаатар хотын гудамжийг дэлхийн хаанаас ч харах боломж бүрдсэн юм. Манай газрын албан хаагчид нийслэлээ дэлхийн жишигт хүрсэн нийслэл болгох зорилт тавин ажилладаг. Мөн Сонгдо хотыг дэлхийн хамгийн ухаалаг хотуудын нэг болгосон Сиско компанитай хамтран ажиллаж байна. Тус хот нь ус, цахилгаан гэх мэт бүхий л асуудлаа дотооддоо шийддэг. Гаднын ямар ч нөлөөгүй. Тэгэхээр бид тус компанитай гэрээ байгуулахаар хэлэлцэж байна. Хотын дарга санамж бичиг байгуулна. Мөн бид Дэлхийн цахим засаглалын холбоонд Улаанбаатар хот шийдвэр гаргах түвшний хамгийн идэвхитэй хот болсон. Манайхаас жил бүрийнх нь хуралд л оролцож санал солилцдог. Энэ байгууллагын шугамаар бид газар доорх шугам сүлжээний зураглал хийх төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан.

-Тэгэхээр барилгын ажлын явцад инженерийн шугам сүлжээг гэмтээх, дээр нь барилга барих гэх мэт асуудал үүсэхгүй байх нь ээ?
-Тэгж ойлгож болно. Гаднын улсуудад иргэд зогсч байгаа газрынхаа доорх шугам сүлжээг 3D-ээр хардаг. Азийн хөгжлийн банкнаас тус ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ төсөл хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө шаардагдах учраас 2016 оны төсөвт юм уу Азийн хөгжлийн банкнаас хөнгөлттэй зээл авах гэх мэт асуудлыг судалж байна. Ямартай ч бид нийслэлээ дэлхийн жишигт хүргэхийн тулд нэлээд шаргуу ажиллаж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хот хурдацтай хөгжиж буй хотуудын тоонд орж байгаа хэдий ч бид цаашдаа улам их зүйлийг хийж Улаанбаатар хотыг  SmartCity болгохын төлөө тасралтгүй шаргуу ажиллах болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш