logo
Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын хуралдаан боллоо

2014/12/12

Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 

150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулна

Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцууллаа

Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилт, сонгон шалгаруулах ажлын явц, үр дүнг Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2013 онд гурван шатны шүүх 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг үндэслэлгүй, хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хчүингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” баталсан байна.

Энэхүү журам нь хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгчээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд тухайн талбайд гаргасан зардлаа журамд заасны дагуу санхүүгийн баримтад үндэслэн баталгаажуулах бөгөөд баталгаажуулсан зардлаар тухайн талбайн “босго үнэ”-ийг тогтоож байгаа ажээ.   

 Хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын 106 тусгай зөвшөөрлийн талаар кадастрын бүртгэлийн системд шүүлт хийж үзэхэд 18 талбай нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө цуцлагдсан, 9 талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, 1 талбай нь стратегийн орд газартай давхцалтай, 46 талбай нь ямар нэгэн давхцалгүй талбайнууд байна. Өнөөдрийн байдлаар 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт  хэвийн үргэлжилж байна.    

  Австри улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

Монгол, Австрийн Засгийн газар хооронд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газраас 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгох ба энэ хөрөнгөөр дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх төхнологи нэвтрүүлэх, Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах ажлуудыг санхүүжүүлнэ.

Хамтарсан төслүүдийн хүрээнд импортоор нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг Монгол Улс гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хэлэлцээрт тусгасан. Иймд Засгийн газрын хуралдаанаар нэр бүхий төслүүдийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыггаалийн албан татвараас чөлөөлөхтухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Түүнчлэн, хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн Экспортын зээлийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргалд олгохоор шийдвэрлэлээ.

Ойрын жилүүдэд дорвитой шинэчлэл хийгдээгүй улсын томоохон эмнэлгүүдийг орчин үеийн багаж, оношлууртай болгосноор хорт хавдрын туяа эмчилгээ, дурангийн болон эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал, зүрхний катетерийн оношилгоо эмчилгээ, гемодиализын эмчилгээний чадавхи олон улсын түвшинд хүрнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АПЕК-ын Дээд түвшний уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Дээд түвшний уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. Энэ уулзалт 2014 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд өмнөд хөршийн Бээжин хотноо болсон юм.

АПЕК-ийг 2014 онд даргалагч БНХАУ-ын санаачилгаар “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээг зохион байгуулсан байна. Тус форумыг БНХАУ-ын дарга Си Зиньпин даргалж, оролцогч 8 улс, олон улсын 2 байгууллагын тэргүүн нар Азийн орнуудын эдийн засгийн хөгжилдчиглэсэн суурь бүтэц бий болгох, ингэснээр улс орнууд харилцан ашигтай хамтран ажиллах асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлжээ. Хятадын тал “Торгоны зам" санаачилгын хүрээнд “Торгоны зам сан" байгуулснаа зарлаж, оролцогч Азийн орнуудтай дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдэхэд зориулан 40 тэрбум ам.доллар гаргах болсноо мэдэгджээ.

Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ АПЕК-т элсэх талаар Монгол Улсын гаргасан хүчин чармайлтыг тэмдэглэж, Ази-Европыг холбосон зааг дээр оршдогийн хувьд Монгол Улс дэд бүтцийн чухал зангилаа болохыг онцолж, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар товч танилцуулжээ. Мөн “Талын зам” төсөл, үүний дотор дамжин өнгөрөх тээвэр, мэдээллийн сүлжээ зэрэгчиглэлээр хамтран ажиллах тодорхой саналууд гаргасан байна.

Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бол Монгол Улсын Ерөнхийлөгчид БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхжээ. БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талын дээд түвшний уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой болсныг талууд санал нэгтэй тэмдэглэсэн байна.

Товч мэдээ:

Монгол Улсын 2014 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагаж гарах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

- See more at: http://zasag.mn/news/view/7989#sthash.MhoAhFnU.dpuf
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш