ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноён Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдсонд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутнев баяр хүргэлээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон томоохон төслүүдийн ажлыг эрчимтэй урагшлуулахад дэмжлэг үзүүлж байгаад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариу талархал илэрхийллээ.
Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, "Талын зам" төслийн хүрээнд Албанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам барих зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ Монгол Улсын Засгийн газар эхлүүлээд байна. Эдгээр төслийн ажлыг эрчимтэй урагшлуулахад хоёр талын хүчин чармайлт чухал байна гээд Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд нийлүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх асуудалд анхаарал хандуулахыг, түүнчлэн уламжлалт хамтын ажиллагаанаас гадна шинэ төслүүд хэрэгжүүлэх нь хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц өгөх боломжтойг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр тэмдэглэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.