logo
“Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт болов

“Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт болов

2014/12/18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн А.Амарын "Монголын товч түүх", Б.Ишдоржийн "Монгол Улсын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж, Монгол холбогдсон түүхт байдал", Н.Магсаржавын "Монгол Улсын шинэ түүх", Л.Дэндэвийн "Монголын товч түүх", Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх"-ийг багтаан хэвлэсэн “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцов.

Ёслолын ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт зочид оо,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойн босгон дээр "Монгол хэлний цахим тайлбар толь" төслийн танилцуулга, "Монголын эх түүх" 6 боть номын нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн эх хэл, эх түүхээ эрхэмлэн дээдэлдэг номын садан, судлаачид, эрдэмтэд хүндэт зочид Та бүхний амар амгаланг айлтгаж, баярын мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд монгол хэл, монголын түүхийн сургалт, судалгаанд анхаарч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил өрнөж, үр дүнд хүрч эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд болсон Олон улсын Монголч эрдэмтдийн их хуралд "Монгол судлалыг дэмжих сан" байгуулах санаачилга гаргаж байсан нь өдгөө биеллээ олж, уг сан байгуулагдан гадаад дотоодын монгол судлалын чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх, монгол судлаачдыг бэлтгэх, мэдээлэл солилцох зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн   газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын, эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг кирил болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь эдүгээ бүрэн хэрэгжиж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 2011 оноос эхлэн монгол бичгийн уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” шилдэг бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж, үзэсгэлэнд оролцсон бүтээлээр товхимол хэвлүүлж хэвшлээ. Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай, Орхон, Хэнтий аймаг, Нийслэлийн Багануур дүүрэгт монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн, сургалт зохион байгууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг кирил үсгээс гадна монгол бичгээр хөтөлдөг болсноор монголчууд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлхийн хаанаас ч хүртэх боломжтой боллоо.

Монгол бичгийн хэрэглээг хувийн хэвшлийнхэн, түүний дотор хэвлэл, мэдээллийнхэн маань ч дэмжих хандлагатай болж байгаад гүнээ бэлгэшээж байна. Монголын хамгийн олон хандагчтай News.mn сайт саяхнаас мэдээллээ монголор бичиж түгээж буйд талархаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлж буй бас нэгэн бодит ажил бол "Монгол хэлний цахим тайлбар толь" бүтээх төсөл юм. Бид өнөөдөр Иргэний танхимд энэхүү төсөлтэй танилцахаар хуран цуглаад байна. Уг төсөл 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл нэг жил үргэлжилнэ. Ирэх жилийн өдийд бид уг толийг өлгийдөн авч, нийтийн хүртээл болгож байх болно. Энэ ажилд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн залуус гүйцэтгэгчээр оролцож, Монголын уран зохиолын дээж 108 боть, монголын өдөр тутмын сонин хэвлэл, нутгийн аялгууны үгийн санг бүрдүүлээд байна. Уг төсөл хэрэгжсэнээр монгол хэл сурах, судлах хүсэлтэй хүн бүхэн дэлхийн хаанаас ч хэрэгтэй үгийнхээ утга, бичлэг, дуудлагыг мэдэх төдийгүй цахим толийг бүтээхэд оролцож, саналаа илэрхийлэх боломжтой байх юм. Түүнчлэн монгол хэлний нутгийн аялгууны үг, шинэ нэр томьёогоор монгол хэлний үгийн санг баяжуулах боломж бүрдэнэ.  

Монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараахнаас эхлэн үндэсний түүх шастираа үргэлжлүүлэн бичих, хойч үедээ өвлүүлэхэд онцгой анхаарал тавьж ирсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Монголын түүхийн цуврал зохиол болох А.Амарын "Монголын товч түүх", Б.Ишдоржийн "Монгол Улсын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж, Монгол холбогдсон түүхт байдал", Н.Магсаржавын "Монгол Улсын шинэ түүх", Л.Дэндэвийн "Монголын товч түүх", Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх"-ийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар боть болгон дахин хэвлэж, өнөөдрөөс манай улсын номын сангуудаар дамжуулан нийтийн хүртээл болгох гэж байна.

Улиран одсон хийгээд урсан ирэх он жилүүд түүхийн их сударт бүтнээрээ багтдаг. Түүхийн бартаа, нугачаатай замаар аялж, туулж давсан гуниг баярыг төсөөлөн бодоход хүмүүнийг өрөвдөн хайрлах, өршөөн уучлах, бахархан шагших, бишрэн сүслэх сэтгэл төрдөг. Өвөг дээдсийн минь бүтээсэн түүхээс хөлөг баатруудын уухайн дуу, хүлэг морьдын туурайн төвөргөөн, цуцашгүй эр зориг, шантрашгүй хичээл зүтгэл, суу билиг, бас сургамжтай хөг аялгуу ч  сонсогддог бөгөөд үндэс угсаагаа дээдлэх, эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг мэдрэх, нандигнан хамгаалах гүнзгий мэдрэмж төрдөг. Монголын эх түүх, эх хэл, эх соёл  бол эх орноо хайрлах, ихийг бүтээх, ихийг сурах, бас бэрхшээл сорилтыг давж туулах бидний их эрч хүчийн шавхагдашгүй ундарга гэж би боддог.

Монгол бичгийн эрдэмтэд эх түүхээ монгол хэлээр уран яруу, нэн сонирхолтой туурвиж ирсэн байдаг. Та бүхэн түүхийн эдгээр дээжсийг уншсанаар Монголынхоо түүхтэй танилцахаас гадна өвөг дээдсийнхээ түүх бичлэгийн өвөрмөц арга барил, сонирхолтой уламжлалаас суралцах боломжтой болно.  

Бид ийнхүү эх хэл, эх түүх, эх соёлынхоо тухай чөлөөтэй ярьж, бичиж, хэлэлцэж байгаа нь өдгөөгөөс 25 жилийн өмнө "Хонхны дуу"-гаар эхэлсэн Ардчилсан хувьсгалын үр шим гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх аа.

Эх хэл, эх түүхээ танин мэдэж ухааран ойлгох тусам хүмүүний амьдрал утга учраар гийдэг. Түүхийн аргамжийн уртыг алдлан мэдэх, үнэнийг эрэн ухаарах бүр хүний ирээдүй тэр хэрээр хол гэрэлтдэг учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Монгол хэлний цахим тайлбар толь" төслийг гүйцэтгэж байгаа Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн хамт олон, эрдэм шинжилгээний ажилтнуудад амжилт хүсье. Мөн "Монголын эх түүх" 6 боть номыг эрхлэн хэвлүүлсэн, Монголынхоо түүхийг бүтэн болгохын төлөө бие сэтгэлээ чилээж яваа Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхч О.Батсайхан, түүхч З.Лонжид гуай нартаа мөн баяр талархлаа илэрхийлье. 

Мэргэн уншигч, судлаач Та бүхний бийрийн үзүүр хурц, билгийн мэлмий тунгалаг байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлж, толь бичиг зохиох төслийн танилцуулга, түүхийн сэдэвт номын нээлтийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдье” гэлээ.

Үүний дараа “Монгол хэлний цахим тайлбар толь” төслийн танилцуулгыг ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор н.Уртнасан хийв. Уг төслийн удирдагчаар академич Л.Болд, гүйцэтгэгчээр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэн ажиллаж байгаа юм. Төсөл 2014 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 17 хүртэл хэрэгжих юм байна. Уг цахим толиос дэлхийн хаанаас ч, монгол хэл сурах, судлах сонирхолтой хэн ч кирил, монгол бичгээр хайлт хийж хүссэн үгийнхээ тайлбарыг авч болох юм. Мөн тухайн үгийн аудио бичлэгийг байрлуулах ажээ. Тухайн үгийн төрөл үг, сүүлд нэмэгдсэн үгийг ч хамтад нь олж үзэх боломж бүрдүүлсэн байна. Нутгийн аялгуугаар тухайн утгыг яаж илэрхийлдгийг мөн дагалдуулан оруулахаар шийдэж өгсөн байна.

“Монголын эх түүх" 6 боть номын танилцуулгыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын Төрийн соёрхолт доктор, профессор О.Батсайхан хийлээ.

Тэрээр уг 6 боть дээр эрдэмтэн З.Лонжидын хамтаар ажилласнаа болон бүх ботид багтсан бүтээлүүдийг товч танилцуулсан юм.

Монгол үндэстэн өөрийн бүрэн түүхтэй болох онцгой шаардлагатай гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцгойлон анхаарч, ЕТГ-ын дэмжлэгтэйгээр уг түүхэн ботиудыг бүтээсэн байна. Төрийн соёрхолт доктор, профессор О.Батсайхан хэлэхдээ “Уг 6 ботид багтсан номудыг танилцуулбал, 1920-иод оны эхээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Судар бичгийн хүрээлэн байгуулж, улмаар бичгийн хүн Будын Ишдорж Монгол Улсын хураангуй түүх номыг туурвиж, 1924 онд хэвлүүлсэн бол мөн бичгийн хүн, Монгол Улсын Шүүх яамны тэргүүн сайдаар ажиллаж байсан Н.Магсаржав Монгол Улсын шинэ түүхийг 1927 онд бичсэн байна. Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашиж байсан, Монгол Улсын Бага хурлын дарга ба Ерөнхий сайдын албыг хоёронтоо хашсан, бичгийн их хүмүүн А.Амарын санаачилгаар Монголын бүрэн түүхийн таван дэвтэр номыг бүтээх ажил 1930-аад оны эхээр өрнөжээ.  Энэхүү Монголын бүрэн түүх зохиох их ажлыг Засгийн газрын 1933 оны шийдвэрээр БНМАУ-ыг тунхагласан хийгээд анхдугаар үндсэн хуулийг баталсны 10 жил, Ардын хувьсгалын 13 жилийн ойд зориулсан байна. Монголын түүхийн нэн эртнээс ХIII зуун, ХIV-ХХ зууны эхэн үеийг хамарсан эхний хоёр ботийг А.Амар, Богд хаант улсын үеийн нэгэн ботийг Л.Дэндэв, 1920-иод оны эхэн үеийн түүхийг хоёр ботиор Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нар бичих болжээ. Эл таван ботиос А.Амар Монголын түүхийн ХIV-ХХ зууны эхэн үеийг хамарсан Монголын түүхийн нэгэн ботийг бичиж амжаагүй буюу эсвэл бид олж чадаагүй байна. Монголын түүхийн бүхий л үеийг хамарсан цуврал таван дэвтэр зохиолын тэргүүн болон дөрөвдүгээр, тавдугаар дэвтэр 1934 онд хэвлэгдэн гарсан юм. 1989 онд профессор н.Очир А.Амарын “Монголын товч түүх” номыг монгол бичгээс кирил бичигт буулган хэвлүүлсэн бол 2006 онд профессор н.Цанжид, н.Чоймаа нар гурав дахь удаагаа хэвлүүлжээ. 2014 онд Н.Алтанхуяг, П.Улаанхүү нар кирил үсгээр мөн дахин хэвлүүлж байсан байна” гэлээ.

Нээлтийн ёслолд оролцсон эрдэмтэн судлаачид “Монголын эх түүх” 6 боть ном, “Монгол хэлний цахим тайлбар толь” төсөл нь Монголын эх түүх, эх хэл, соёлоо судлахад хүн бүхэнд үр өгөөжөө өгөх ач холбогдолтой ажлууд болсныг тэмдэглэн хэлцгээж байлаа.

.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш