Өнгөрсөн бямба гарагт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан, А.Бямбажав, Ж.Амартүвшин нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон Богдхан хайрханы хишиг барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Наймдахь удагаа зохион байгуулагдаж буй барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Алдар спорт хороо Бөхбилэгт дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээ, "Доолт" компаний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.