logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2014/12/24

Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  - See more at: http://zasag.mn/news/view/8115#sthash.7te8qghY.dpuf

Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

Дэлхийн II дайны төгсгөл болох Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ой 2015 онд тохионо. Монгол, Зөвлөлтийн арми шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн 1945 оны Чөлөөлөх дайны ялалт нь Азийн хэд хэдэн орны ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөхөд шууд тусалсан гэж судлаачид дүгнэдэг. Энэ утгаараа 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын ой Монгол, Орос, Хятадын ард түмэн, Зэвсэгт хүчний дайчин нөхөрлөл, хамтын тэмцлийг эргэн дурсах тэмдэглэлт үйл явдал юм.

Түүхэн ялалтын тэгш ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газарт чиглэл өгөх Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд,зарчмын хувьд дэмжлээ.

Ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Монгол Улсаас 8 улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжлээ

Монгол Улс НҮБ-ын гишүүн 45 улстай дипломат харилцаа тогтоох сонирхлоо илэрхийлсний дагуу сүүлийн 3 жилийн хугацаанд 24 орон манай улстай дипломат харилцаа тогтоожээ. Өнөөдрийн байдлаар 8 орон дипломат харилцаа тогтоох саналыг Бээжин дэх ЭСЯ болон Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраараа дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байна.

Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Уганда Улс, Бүгд Найрамдах Руанда Улс, Холбооны Микронез Улс, Бүгд Найрамдах Гаити Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Экваторын Гвиней Улс, Бүгд Найрамдах Чад Улс, Бүгд Найрамдах Маврики Улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын гадаад харилцааг тэлэхэд чиглэсэн энэ ажлыг УИХ-ын АБГББХ-ноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын үзэл санаа болон Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм.

 

 Япон улстай "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, эрх зүйн зохицуулалтыг уялдуулж байна. Хэлэлцээний ахлагчаар хуучнаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн яам татан буугдсанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр" байгуулах хэлэлцээний явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсоод, хэлэлцээ хийх ажлын хэсгийг шинэчлэхээр тогтлоо. Талууд хэлэлцээрийг 2015 оны эхний хагаст багтаан байгуулахаар төлөвлөж байгаа тул дотооддоо авч хэрэгжүүлэх ажлуудыг ажлын хэсэг хариуцаж ажиллана.

Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар чөлөөтэй нэвтрэх, дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интегралчлах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын гурван сая дахь иргэн ирэх сард тодорно

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг тодорхойлж, урамшуулан алдаршуулах шийдвэрийг Засгийн газар 2014 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаасаа гаргасан билээ.

Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сард төрнө гэж Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гурван сая дахь иргэн, тэдний үе чацуутнуудад олгох мөнгөн шагнал, тэтгэмжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтлоо.

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнах, тухайн өдөр төрсөн бүх чацуутанд 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж үзүүлж алдаршуулахад нийт 958 сая төгрөг зарцуулагдах тооцоотой байна. 

Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлснээс бусад аймаг, дүүрэг тус бүр гурван сая дахь иргэн мэндэлсэн цаг хугацаатай хамгийн ойрын нэг чацуутныг тодруулах юм. Тэдэнд гурван сая дахь иргэний адилаар орон сууц олгож, алдаршуулах ажлыг орон нутагтаа зохион байгуулахыг 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга нарт хариуцууллаа.

Чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй юм.

 

Товчхон:

-       Баяр ёслолын үеэр төсвийн хөрөнгө хэмнэх талаар төрийн болон төсвийн байгууллагуудад Засгийн газраас тодорхой чиглэл өгсний дүнд сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид хувийнхаа зардлаар шинэ жилийн баяраа тэмдэглэдэг болсон. Энэ онд ч мөн шинэ жилийн баяраар төсвийн мөнгөөр ил захидал хэвлүүлэх, бэлэг солилцох, урлагийн тоглолт зохион байгуулах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, согтууруулах ундаа худалдан авахаас татгалзахыг төсвийн ерөнхийлөн захирагчдад үүрэг болголоо.

-       Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу 2015 оны 1 дүгээр сарын 2-ны баасан гарагийн ажлын өдрийг 1 дүгээр сарын 10-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр тогтлоо.

-       Яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар Засгийн газар 2012 онд тогтоосон. Төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглах, тарахaд замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсч байгаа тул нийслэл дэх төр захиргааны болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт уян хатан зохицуулалт хийх эрх олгох хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ерөнхий сайдад ирүүлсэн юм. Энэ талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд, нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүллээ. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэж байхыг даалгалаа.

-                  “Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглана. Улаанбаатар ложистикийн төв нь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийн шинээр баригдах хурдны авто замтай холбогдоно.

-                  Ерөнхий  сайдаас өгсөн үүргийн дагуу Монгол Улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн асуудлын тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч, явц, үр дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа.

-                  Улаанбаатар хотноо 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэ хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцохын сацуу хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой санал солилцжээ. 

-       Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт Захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбогдуулан оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС засаглал, квотын багц шинэчлэл эхлүүлээд байгаа юм. Шинэчлэлийн үр дүнд Монгол Улс шийдвэр гаргах явцад оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болно. Манай улс 1991 онд ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, нэгдэн оржээ.

-                  Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д “4.1.54. Даатгалын өдөр-жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдөр" гэсэн заалт нэмлээ. Ингэснээр Монголын санхүүгийн салбарын бие даасан нэгж болон хөгжиж буй арилжааны даатгалын салбарынхан албан ёсны тэмдэглэлт өдөртэй болж байна.

 -      Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас дэвшүүлэн томилогдсон зарим гишүүний бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан тус зөвлөлийн гишүүнд Зургаанжингийн Энхболд, Баастын Золбаяр нарыг шинээр нэр дэвшүүлэхийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбооны хурлын шийдвэрээр З.Энхболдыг, Эх хэлний боловсролыг дэмжих “Үлэмж эгшиглэн сан’’-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Б.Золбаярыг тус тус дэвшүүлэхээр ирүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш