logo
УИХ-ын дарга З.Энхболд танаа...

УИХ-ын дарга З.Энхболд танаа...

2014/12/25

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

Шаардлага хүргүүлэх нь: 
    МҮОНРТ нь үндэсний хэмжээнд, хүн амын олонхид зориулсан нийгмийн бүх зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх нийтлэл нэвтрүүлгийг тасралтгүй түгээдэг үндэсний хэмжээний мэдээллийн хэрэгсэл билээ. Монгол Улсад радио долгион түгж эхэлсэн 1934 оноос хойш 80 жилийн туршид, Монгол телевиз анхны нэвтрүүлгээ дамжуулж эхэлсэн 1967 оноос хойших 47 жилийн түүхэндээ ард олныг мэдээ мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, хөгжөөн цэнгээх, бүтээн байгуулалт, их хөдөлмөрийн талбарт уриалан дуудах, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын дуу хоолой болж “сонсох чих, харах нүд” байсаар ирсэн юм. Ард түмний итгэл үнэмшлийг хүлээсэн энэ байгууллагад үе үеийн сэхээтнүүд, мэргэжлийн сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчид, цаг уурч, хуульч, эдийн засагч, эмч, багш зэрэг маш олон салбарын хүмүүс ажиллаж, бүтээж, туурвиж өдгөө хүрсэн билээ. Ахмад, дунд, шинэ үеийн энэ олон зуун хүний авьяас билэг, хүч хөдөлмөрийн үр шимээр бий болсон ард олны итгэл үнэмшил нь МҮОНРТ-ийн бий болгосон өв, дэг сургууль, нэр төр юм. 2005 онд ОНРТ-ийн тухай Монгол Улсын хууль батлагдаж бие даасан хараат бус радио, телевизийг бий болгосон юм.

    Харамсалтай нь ард түмэнд буюу Олон Нийтэд үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалж, төр түмэн хоёрыг холбох гүүр болох учиртай МҮОНРТ-ийг хяхан хавчиж, эрх мэдэлдээ авахаар санаархаж, энэ санаархлаа хуулиар дамжуулан хийсээр ирлээ. Үүний тод илрэл гэвэл МҮОНРТ-ийн 2015 оны төсвийн дэмжлэгийг 50 хувь танаж, эдийн засаг, санхүүгийн чадавхийг доройтуулах алхам хийснээр санаа амарсангүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүдийг томилохдоо гишүүдэд хандаж УИХ-ын дарга З.Энхболд “Их хэцүү газар очиж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Төсөв нь 50 хувь алга болсон. Хувийн телевизийн 100 хүнтэй хийдэг ажлыг  700 хүний хүчээр хийдэг. Аймшгийн газар байгаа, архи дарс уух нь замаа алдсан.

Энэ бүхнийг цэгцлэх үүргийг та бүхэн хүлээж байна. Их хурлаас томилогдож байгаа та бүхэн эргээд байнгын хороотойгоо холбоотой байгаарай. Ядаж хулгайн кино гаргахгүй байх хэрэгтэй шүү дээ, ичмээр юм” гэж УИХ-ын чуулганы хуралдааны танхимын өндөр индэр дээрээс мэдэгдлээ. Эрхэм УИХ-ын дарга МҮОНРТ гэдэг энэ байгууллагад 80 жилийн түүхтэй, дөрвөн сувгаар өдөрт 53 цагийн хөтөлбөр явуулдаг МҮОН Радио, түүн дотроо англи, орос, хятад, япон, монгол таван хэлээр дэлхийн 40 гаруй оронд монгол төрийн гадаад бодлогыг сурталчлан таниулдаг 50 жилийн түүхтэй Монголын дуу хоолой радио, MNB.mn вэб сайт, мэдээллийн ММ агентлаг, үндэсний цөөнхөд зориулсан телевизийн хоёрдугаар суваг, санхүү, стратегийн газар, орлого бүрдүүлэлтийн хэлтэс гэсэн олон салбар нэгж байдгийг мэддэг болов уу. (Эсвэл МҮОНРТ-ийг зөвхөн 700 хүнтэй ганц телевиз гэж ойлгодог уу)

    Энд ажиллаж, амьдарч, өрх гэрээ авч яваа, үр хүүхдээ тэжээж байгаа эгэл жирийн үйлчлэгч, сурвалжлагч, найруулагч, нэвтрүүлэгч, инженер, техникч бид бүгд таны хэлсэн аймшгийн газар ажиллаж байгаа архичид, хулгайчид уу.

    Та төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын даргын хүндэт индэр дээрээс МҮОНРТ-д ханддаг өөрийн үзэл бодлоо илэрхийлж, мэргэжлийн уран бүтээлчид бидний ажил бүтээлийг эрс үгүйсгэн, гутаан доромжилж, үе үеийн уран бүтээлчдийн бий болгосон бүхнийг хараар будаж, харлуулж төрийн өндөр дээд албан тушаалтны байтугай эгэл жирийн үзэгчийн амнаас гарамгүй үгээр буллаа. 

    Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ үг, үйлдлийнхээ төлөө та МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд биднээс өөрийн биеэр ирж уучлал гуйх төдийгүй, ОНРТ-ийн тухай Монгол Улсын хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна.

МҮОНРТ-ийн нийт хамт олон
2014.12.26

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш