Монгол Улсын Засгийн газрын энэ оны отгон хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Хуучин нэрээр Уул уурхайн яамнаас боловсруулсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг батлах эрх олгох асуудлыг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2-т заасны дагуу баталж мөрдүүлэх эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тогтлоо.
- 2013 онд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, Монгол Улсын нийт өрх, хүн амыг амьжиргааны түвшнээр эрэмбэлсэн цахим мэдээллийн сан бүрдүүлсэн юм. Энэ сангийн мэдээлэлд тулгуурлан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам” баталлаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг зорилтот бүлгийн хүн амд нийгмийн хамгаалал, халамж, бусад суурь үйлчилгээг хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаанд салбар дунд ашиглана.
- "Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг шинэчлэн баталж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр тогтлоо.
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээр байгуулахад Засгийн газрын талын баримтлах зарчим, чиглэлийг хэлэлцэн дэмжлээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш 6 удаа байгуулж, биелэлтийг дүгнээд байна. 2015-2016 оны улсын хэлэлцээрт хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээрх 4 бүлэг асуудлыг тусгах юм.