logo
2015 оны төсвийн тодотголыг орлогодоо уялдуулан тооцоолжээ

2015 оны төсвийн тодотголыг орлогодоо уялдуулан тооцоолжээ

2015/01/05
Сангийн сайд Ж.Эрдэнэбат шинэ оны өмнөхөн 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа юм. Ирэх 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв ажиглагдахгүй байгаа тул ирэх 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага бий боллоо.

Иймд 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож, төсөвт тусгах зорилгоор 2015 оны төсвийн тодотголыг боловсруулснаа Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төсөл өргөн барих үеэрээ дурдсан.

2014 оны арваннэгдүгээр сарын 15-нд хуулийн хугацаатай өрсөн баталсан 2015 оны Төсвийн тухай хууль нь орлогоосоо давсан зарлага төлөвлөсөн бодитой бус төсөв болсныг эдийн засагчид шүүмжилж байв.

Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн орлогыг бодитойгоор тооцоолж,  орлогодоо уялдуулан зардлаа тооцно” хэмээн мэдэгдсэн. Ирэх оны төсвийн тодотгол УИХ-ын шиэн оны эхэнд яаралтай хэлэлцэн батлах хуулиудын нэг юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш