logo
Гацууртын ордын асуудлаар “Шударга ёс” эвсэл ажлын 5 хоногийн завсарлага авав

Гацууртын ордын асуудлаар “Шударга ёс” эвсэл ажлын 5 хоногийн завсарлага авав

2015/01/09
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.08.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.45 цагт гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж, батлав.

Хуралдааны эхэнд “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”/Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс хэлэлцэх гэж буй асуудлаар ажлын 5 хоног завсарлага авах горимын санал гаргасныг Улсын Их Хурлын дарга хүлээн авлаа.

Үүний дараа Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

Төслийн талаарх илтгэлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Дэмбэрэл, Д.Сарангэрэл, Ц.Оюунбаатар, Ж.Батсуурь, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Л.Эрдэнэчимэг нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар хариулт өглөө.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, нийгмийн шилжилтийн үеийн зарим нэг авсан арга хэмжээ дуусаагүй байхад хумих, цалин тэтгэврийг нэмэхгүй байх , хөрөнгө оруулалтыг бууруулах бодлого барьж байгаа нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Ард түмний амьдралын түвшин хүнд нөхцөлд байхад татваруудыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг 50 хувь бууруулах замаар явах нь оновчтой шийдэл биш. Засгийн газар өр нэмэгдүүлэх ганц шугамаа хамгаалаад байх бус бусад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх замаар явбал тэнцвэртэй байдал хангагдана.

Хөрөнгө оруулалтыг бууруулснаар маш олон айл өрх, ажил олгогчдыг хүнд байдалд оруулж байгаа. Ажил олгогчдыг дэмжих, өрийн босгыг нь нэмэгдүүлэхгүйгээр бүтээн байгуулалт хийх, богино хугацаанд үр ашгаа өгөх бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдэд олгож байгаа мөнгийг хүн амаа өсгөх бодлого гэж үзэж байгаа. Харин энэ мөнгийг халамж гэж үзэж болохгүй гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, өрийн хэмжээг нэмэхгүй байх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Нийгмийн хямралтай үед татвар нэмэх тухай асуудал байж болохгүй. Заавал ард түмний нуруун дээр дарамт учруулах асуудлыг оруулж ирж байгаа нь буруу гэсэн шүүмжлэлийг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, орон тооны цомхотгол хийх, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүйгээр орж ирж байгаад нийгмийн бухимдал их байна. Хүүхдийн мөнгө олголтыг зорилтот бүлэгт чиглүүлэх асуудал чухал. Гэхдээ хүний эрх зөрчигдөх вий гэдэгт анхаарах хэрэгтэй гэв.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өгсөн тайлбартаа, өрийн хувьд нэлээд хэд хэдэн хүчин зүйлүүдийн нөлөөллөөс шалтгаалж ДНБ 55 хувь байна. Цаашид энэ хувь өсөх магадлал бий. Учир нь одоогийн боловсруулж өргөн барьсан Төсвийн тухай хууль өөрөө алдагдалтай батлагдаж байгаа. Гэхдээ Удирдлага санхүүжилтийн тухай хуулиар төсвийн зохицуулалтыг иж бүрэн хийсэн гэж хэлэхэд хэцүү. Нэгдсэн төсвийн алдагдлыг хоёр хувиар байх ёстой гэдэг байдлаар хийсэн. Үүнээс шалтгаалаад улсын төсөв дээр хэдий хэмжээний алдагдал хүлээж байгаа нь тодорхойгүй байна. Иймд төсвийн хуулинд өөрчлөлт оруулж үүнийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Одонтой ээжүүдийн хувьд өмнө нь том хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд хүүхдийн мөнгөнөөс хасагддаг байсан бол энэ удаа бага хүүхэд нь 18 нас хүрсэн тохиолдолд одонтой ээжийн мөнгө олгохгүй байхаар шийдсэн гэлээ. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариултдаа, шинээр татвар бий болгоогүй. Хуулиар зааж өгсөн татваруудын хувь хэмжээг тогтоож өгөөд, энэ хувь хэмжээн дотроо тухайн орон нутаг, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь татвараа тогтоох эсэх, тогтоовол хэдэн хувиар тогтоох эрхийг нь нээж өгч байгаа. Энэ татваруудаас төвлөрсөн төсөв дээр нэг ч төгрөгийн орлого олно гэдэг зорилт тавиагүй. Тухайн орон нутагт өөрсдөө шийдэх эрхийг нь өгсөн. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж бол манай халамж хэрхэн хавтгайрсны нэг тод жишээ. Яагаад гэвэл тэтгэмж тогтоож байгаа аргачлал нь дэндүү үрэлгэн байсан. Эхний ээлжинд 5 жил төрийн албанд ажиллаж байж тэтгэмж авах эрх нь нээгдэх ёстой. Төрийн албан хаагчийн тэтгэмжийг илүү шударга, илүү зарчимтай, ойлгомжтой хэлбэрээр олгож байхаар Засгийн газар журмаа өөрчилсөн. Хүүхдийн мөнгөний хувьд Их хурлын гишүүн, компанийн захирал гээд бүгд адилхан авдаг. Сүүлийн хоёр жил Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, олон улсын байгууллагуудтай хамтраад Монгол Улсын айл, өрхийн 80 хувьд судалгаа явуулсан. Энэ судалгаанд үндэслэн бүх айл, өрхийг 20 ангилалд хувааж үзсэн. Эдгээр ангилалын дороосоо 15 дахь ангилал хүртэлх айл, өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авна. Харин үлдсэн таван ангиллын айл, өрх  хүүхдийн мөнгөнөөсөө энэ хугацаанд татгалзвал яасан юм бэ гэсэн бодлого барьж байгаа гэв.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш