Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ боллоо.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнөөс Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр авчран залсны дараа арга хэмжээг нээж үг хэлсэн юм.
Тэрээр хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж байна. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг жил бүрийн Үндсэн хууль батлагдсан өдөр буюу 1-р сарын 13-ны өдөр Монгол төрийн түүхийн музейд долоо хоногийн хугацаанд хүндэтгэн залдаг уламжлалтай. Энэ хугацаанд иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж Үндсэн хуулийг уг эхийг үзэж сонирхох боломжтой” гэлээ. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд байрладаг билээ.
Мөн энэ арга хэмжээний үеэр Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт хүлээлгэн өглөө.
Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг 7 хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол банкны удирдлагууд, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Үндсэн хууль тогтоогчдын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.