Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-аас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд УИХ-ын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан. Энэхүү журам батлагдсанаар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн Монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр гарсан үнэ цэнэтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, энэ чиглэлийн эрдэм судлалын ажилд оюун ухаанаа зориулах эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой ажээ.