logo
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцлөө

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцлөө

2015/01/30

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.29.Пүрэв гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Даваасамбуу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжил, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр нарыг тус тус эгүүлэн татах саналаа ирүүлжээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татаж буйтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг тус тус томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн байна.

Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнээр томилох ажилтнуудыг сонгон авахдаа гадаад харилцааны салбарт олон жил идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, удирдах ажлын дадлага туршлагыг нь харгалзсан бөгөөд томилуулахаар нэр дэвшиж буй албан хаагчид нь улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэллээ.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2015.01.28/ хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Х.Болорчулуун, Г.Уянга, С.Ганбаатар, О.Баасанхүү, Л.Болд, Д.Ганбат, Г.Баярсайхан нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд болон зарим нэр дэвшигчээс асуулт асууж тодруулав. Харин үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан нар улс орныхоо нэр хүнд, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санаачилгатай ажиллах, манай иргэд хар тамхи, хүний наймаанд өртөх, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх явдал гарч буйд анхаарч ажиллах, гишүүн Ө.Энхтүвшин гадаад оронд суугаа Элчин сайд нар улстөржсөн хандлага хэрхэвч гаргаж болохгүй, гол нь тухайн оронд ажиллаж сурч амьдарч байгаа иргэдээ бодож ажиллахыг захилаа. Мөн гишүүн Л.Цог гадаад оронд суух дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг томилохтой холбоотой дотоодын хууль тогтоомжийг олон улсын конвенцид нийцүүлэхэд анхаарахыг Гадаад хэргийн сайдад хандаж хэлсэн бол гишүүн С.Дэмбэрэл хөрөнгө оруулалтыг татах, жижиг, дунд бизнесийг дэмждэг тухайн улс орны туршлагаас суралцаж экспортын бүтцийг солонгоруулахад ажлаа чиглүүлэх, гишүүн Ж.Батсуурь улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч ажиллахыг нэр дэвшигчдэд захив. Түүнчлэн гишүүн А.Бакей, Ж.Энхбаяр, Л.Болд, Л.Эрдэнэчимэг, Б.Болор, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар мэдлэг боловсрол, ажлын ур чадвартай мэргэжлийн дипломат ажилтнууд нэр дэвшин орж ирж буйд талархалтай байгаагаа хэлээд нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Ингээд байнгын хорооны саналаар Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудлаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжив. Дараа нь Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд 90.2-100 хувийн саналаар нэр дэвшигчдийг дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулсан тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх болно гэдгийг УИХ-ын дарга хэллээ.

Үүгээр чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш