logo

"Богема" дуурь маргааш тоглогдоно

2015/01/30

Маргааш 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Дж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдах гэж байна. Анх 2004 оны тавдугаар сарын долоонд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ.

Рудольфийн дүрд тенор хоолойт Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон хоолойт Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон хоолойт М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох аж. 1830-аад оны Парист үйл явдал нь өрнөх уг дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын нэгэнд Туриний театрт тоглож байсан түүхтэй юм.

Дж.Пуччини энэ уран бүтээлээр өөртөө авьяас хэмээх асар их баялаг бүхий уран бүтээлч залуус мөнгөгүйгээс болж ямар өрөвдмөөр үл үзэгдэх зовлонг туулж байгаа харуулахыг зорьсон байдаг. Түүний хувьд энэ бүхэн Миланы хөгжмийн дээд сургуульд сурч байх үеийнх нь хийгээд их авьяас билэгтэй хүмүүсийн хувь заяа хүн төрөлхтөнд агуу ихийг үлдээдэг боловч эмгэнэлтэй байдаг тухай хөгжмийн хэлээр яруу дүрсэлж чадсан байна.

Уг романыг дуурь болгоход нилээд товчлох шаардлагатай байсан ба зохиолын утга санаа огт хөндөлгүй хадгалж үлдсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш