logo
УИХ-ын дарга Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав

2015/02/02

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.31/ нийслэлийн Налайх дүүрэгт байрладаг Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцав.

Тэрээр эхлээд Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонтой танилцсан юм. Тус хотхон 2014 оны зун ашиглалтад орсон бөгөөд Монголын их сургуулийн анхны хотхон гэдгээрээ онцлогтой. Европ стандартын орчин үеийн лабораториуд, анги танхим, номын сан, үнэгүй Wi-Fi болон фитнесс өрөө зэргийг цогцоор нь шийджээ.

Үүний дараа Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн ректор Н.Дорждэрэм сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Тус сургууль 2013 оноос элсэлт авч, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилд нийт 66 оюутан суралцаж байна. Одоогоор инженерийн бэлтгэл хөтөлбөр, уул уурхайн боловсруулах инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер зэрэг гурван мэргэжлээр бакалаврын сургалт явуулж байна. Дэлхийн жишигт нийцсэн инженерийн боловсролыг Монголдоо эзэмшүүлэх уриатай тус сургуулийн бүх сургалт англи хэл дээр явагддаг бөгөөд англи, герман, монголын эрдэмтэн багш нар ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн нарийн мэргэжлийн хичээл заалгахаар хамтын ажиллагаатай Германы их сургуулиудаас профессор, багш нарыг урьж ажиллуулдаг байна.

Оюутолгой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Англо-Америка, МАК болон MSM зэрэг аж үйлдвэрийн хамтрагчид нь амжилттай суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгодог. Одоогоор тус сургуулийн оюутнуудын 30 орчим хувь нь энэхүү тэтгэлгийг авч байгаа бөгөөд цаашид тоог нэмэгдүүлэх боломж байгааг танилцуулав. Мөн ирээдүйдээ аж үйлдвэр ба нийгмийн хэрэгцээнд үндэслэн, Азийн бүс нутаг дахь “хэрэглээний судалгаа”-ны тэргүүлэх хүрээлэн болох зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Танилцуулгын дараа УИХ-ын дарга З.Энхболд тус сургуулийн багш оюутнуудтай уулзалт хийж, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө. Оюутнуудын хувьд, гадаад улс оронд эзэмших бакалаврын зэргийг эх орондоо эзэмших боломжтой болсон төдийгүй өөрсдийн санаачилгаар оюутны зөвлөл байгуулан “Morning club” буюу эртэч бүтээлч оюутны клуб, “English day” буюу долоо хоног бүрийн нэг өдрийг англи хэлний өдөр болгосноо уулзалтын үеэр хэлж байв. Харин багш нарын хувьд, цаашид хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу байгуулагдсан анхны сургуулийн хувьд  хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Иймээс цаашид Улсын Их Хуралд өргөн баригдсан  “Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хууль”-ийн төсөлд санал бодлоо тусгах хэрэгтэйг хэлэв.  Мөн “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д тусгасны дагуу Азийн шилдэг сургуулийн тоонд Монголоос орох дөрвөн сургуулийн нэг болох зорилго тавин ажиллаж байгаагаа онцлов.

УИХ-ын даргыг Налайх дүүрэгт байрлах Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллах үеэр   УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр, УИХ-ын гишүүн Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Герхард Тийдеманн болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш