Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо.
Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (САREC) бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1997 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, манай улс 2002 онд хөтөлбөрийн гишүүнээр элссэн байна. Тус хөтөлбөр нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд гишүүн орнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн харилцан тохирсон бүс нутгийн чанартай төслүүдийг зам тээвэр, худалдаа, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэдэг байна.