logo
Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын хуралдаан боллоо

2015/02/03

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,

- Булган, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймагт 2014 онд гарсан байгалийн аюулт үзэгдэл, мал амьтны гоц халдварт өвчний улмаас төрийн байгууллага, иргэдэд учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох, орон гэргүй болсон 32 өрхөд улсын нөөцөөс иж бүрэн гэрийн үнэ болон гамшгийн голомтод ажилласан  онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчдын томилолт, урамшууллын зардалд шаардагдах 866 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. 

- УИХ-ын гишүүн Д.Арвин нарын санаачлан боловсруулсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэсэн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

- УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтлоо.

- Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалтын тухай хуулийн төсөлд болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

- Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

- Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг шинэчлэн баталлаа.

- “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны тогтоолд заасан “Хонины ноос, тэмээний ноосны кг тутамд 2000” гэснийг “малын ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанараас хамааруулан хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 1000-2000” гэж өөрчлөх тухай тогтоолын төсөл, үзэл баримтлалыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

- Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-д өөрчлөлт орууллаа.     

- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн хуралдаан дээр гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

- “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш