Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн дум дахь Монголтой харилцах бүлгийн дарга, Шударга намын дарга Сергей Михайлович Мироновыг өнөөдөр /2015.02.07/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү уулзалтын эхэнд ноён С.М.Мироновтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд олон удаа уулзаж, уулзалт бүр үр дүнтэй байсныг дурдлаа. Мөн тэрээр ноён С.М.Мироновыг Монгол Улсад ажиллаж амьдарч байсан хүний хувьд, Төрийн Дум дахь Монголтой харилцах бүлгийн даргын хувьд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлж, олон зүйлийг хамтдаа бүтээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Түүнчлэн Улаанбаатар төмөр замын талаар ойрын өдрүүдэд шинэ алхамууд хийгдэх гэж байгааг дуулгаад шинэ чиглэлүүдийг нээх зэрэг олон зүйлд цаашдаа дэмжиж ажиллахыг хүслээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд томилогдоод энэ чиглэлд болон бусад чиглэлээр идэвхитэй ажиллаж байгааг дуулгалаа. Ноён С.М. Миронов Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаад Монгол Улсад олон жил ажиллаж амьдарч байсан хүний хувьд Монгол Улсын талаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Төрийн Думын гишүүдэд байнга мэдээлж байдгаа дуулгав. Мөн тэрээр уулзалтын үеэр яригдсан бүхий л зүйл дээр өөрийн зүгээс хамтран, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Монголын Энхтайван найрамдлын байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав болон албаны бусад хүмүүс байлцлаа. Ноён Сергей Михайлович Миронов нь 2001 оны 12 дугаар сарын 05-аас ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2011 оны тавдугаар сарын 18-нд албан тушаалаасаа бууж ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын гишүүн, Төрийн дум дахь Монголтой харилцах бүлгийн дарга, Шударга намын даргаар ажиллаж байгаа юм.