Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,
- Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгэм, аж байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, мэдээлэл сурталчилгаа хийх чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмадын байгууллага гүйцэтгэхийг зөвшөөрлөө. Төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг дэмжин, гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд олголоо.
- Төрийн үйлчилгээг иргэдэд нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хүргэхэд төлөгдөж байгаа үйлчилгээний хөлсний нэг хувийн шимтгэлийг үйлчилгээний хөлснөөс суутган, төсөвт төвлөрүүлж буй орлогоос хасаж тооцохыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд шаардлагатай мэдээллийн системийн болон техникийн суурь нөхцлийг бүрдүүлж ажиллахыг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаад даалгалаа.
- Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хуулийн төслийг татан авахаар тогтлоо.
- 2015 онд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
- 2015 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг баталлаа.
- Эрүүл мэнд, спортын яамны харъяа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаарыг 71 байхаар тогтоов.