Эмхэтгэлийн шинэ дугаарт, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Үүгээр, тухайлбал “утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгааг”, “энэ хуулийн 9.1.1-9.1.4, 9.1.7, 9.1.8-д заасан хориглосон газраас бусад гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх”, “энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах” зэрэг заалт тус тус нэмсэн байна.
Мөн дугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиас гадна Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ.
Тогтоол ёсоор, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад, ““хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж, шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг;” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс,...тэгш байдал,...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 4/дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,..эрхтэй....”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан...иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгожээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.