Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.
Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцууллаа. Тэрээр танилцуулгадаа “Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны үйл ажиллагааг зохицуулсан суурь хууль байхгүйгээс захиргааны үйл ажиллагаа өнөөг хүртэл цэгцгүй, хоорондоо зөрчилдсөн, уялдаа холбоогүй, дур зоргын шинжтэй явж иржээ.
Өнөөдөр манай улсад 420 гаруй хууль үйлчилж байгаагийн 250 орчим хуульд захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг зохицуулсан байна. Гэвч эдгээрт бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж хэрэгжүүлэх үндсэн зарчим, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон зохицуулалт байхгүйгээс Үндсэн хуульд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах шаардлага тэр бүр биелэхгүй, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг дур зоргоороо гаргаж хохироох явдал цөөнгүй гардаг байна.
Иймд захиргааны үйл ажиллагааг нийтлэг нэг зохицуулалтад оруулах, захиргааны хэргийн шүүх, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах эрх зүйн үндэслэл бий болгох, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах, хүний эрх, эрх чөлөө, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчилдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье” гэлээ. Тэрээр хуулийн төсөл танилцуулахдаа хүний эрх, эрх чөлөө захиргааны байгууллага дээр багагүй зөрчигддөгийг сануулж байсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлж дууссаны дараа уг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хурааж, гишүүдийн 75 хувь нь дэмжсэн санал өгөв.