logo
Н.Энхбаяр намынхаа гишүүдийг хүлээн авч золголоо

Н.Энхбаяр намынхаа гишүүдийг хүлээн авч золголоо

2015/02/24

МАХН-ын дарга Н.Энхбаяр эцэг эх болон элгэн саднуудтайгаа сар шинийн баярыг тэмдэглэхээр эх орондоо ирээд удаагүй байгаа. Тэрбээр намынхаа гишүүд дэмжигчид болон ахмадуудаа хүлээн авч золголт хийлээ.

МАХН-ын золголтод 200 гаруй гишүүд дэмжигчид болон нийслэлийн зарим дүүрэг, орон нутгаас ахмад настнууд ирсэн байлаа. Эх орондоо сар шинийн баяраа тэмдэглэж байгаа Н.Энхбаяр “17 дугаар жарны модон хонь жил сайхан гарч байна. Эх орондоо ирж элгэн садан, ахмад настнууд, гишүүд дэмжигчид та бүхэнтэйгээ хамт сар шинийн баяраа тэмдэглэж байгаадаа баяртай байна. Бид ирж буй Хонь жилдээ зорьсон зорилгодоо хүрч эв эеээр бүхнийг шийдэж, сайн сайхан бүхнийг цогцлоохын ерөөлийг дэвшүүлье” хэмээн хэлсэн юм. Мөн золголтод ирсэн ахмад настнууд ерөөлийг үгээ хэлж, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг эх орондоо ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж байсан. Золголтын үеэр МУ-ын сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан намын удирдлагуудын хамтаар ирж Н.Энхбаяртай золгон хүндэтгэл үзүүлсэн юм.
 
МАХН-ын удирдлагууд өнөөдөр болсон золготын үеэр “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгээр намын гишүүдээ шагналаа. Шударга ёсыг тогтоох МАХН-ын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд чин шударгаар зүтгэснийг нь өндрөөр үнэлж С.Хаянгарав, Б.Чимгээ, Н.Доржзодов, н.Одончимэг, н.Дүйнхэржав нарт “Шударга ёсны төлөө” хүндэт тэмдэгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар гардуулан өглөө.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш