logo
“Чонон сүлд” киноны Монгол дахь нээлт баасан гарагт болно

“Чонон сүлд” киноны Монгол дахь нээлт баасан гарагт болно

2015/02/24

БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно "Чонон сүлд" киног бүтээсэн нь олон улсад хэдийнэ шуугиан тарьсан бүтээлийн нэг болжээ. Оскарын шагналт найруулагч Жан Жак Анног Монголчууд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор нь сайн мэднэ.

"Чонон сүлд" уран сайхны киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.

"Чонон сүлд" уран сайхны кино Францад хоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бол, БНХАУ-д 19-нд нээлтээ хийсэн даруйдаа 32.3 сая америк долларын орлого олоод байна.

Харин Монгол дахь нээлт баасан гарагт 17.00 цагаас ‘Тэнгис’, 20.00 цагаас ‘Өргөө’ кино театрт болно. Монгол үзэгчид энэ киног Цахар буюу Өвөр монгол аялгаар хүлээн авч үзэх юм.

Ирэх оны Оскарын наадмын гадаад киноны төрөлд хамгийн их хүлээлт үүсгэсэн энэ киног Монголд албан ёсны эрхтэй гаргах гэрээг “Гэгээ паблишн” компани болон жүжигчин Р.Анхням нар  киноны оюуны өмчийн эрхийг эзэмшигчидтэй хамтран байгуулжээ. "Чонон сүлд" киног Монголд албан ёсоор гаргах үйл ажиллагааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Монгол Контент" ХХК, ивээн тэтгэгчээр "Ард" санхүүгийн групп ажиллаж байна.


Киноны нээлтийн талаарх хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчин, СТА Р.Анхням:

-Жүжигчид ажлаа хийх явцад даарч хөрөх, шөнө нойргүй хонох бол энүүхэнд. Үүнийг би хүндрэл гэж үздэггүй. Жүжигчин хүн бүрт ийм зүйл тохиолддог. Харин энэ кинонд тоглоход хүндрэлтэй тал юу байв гэвэл буруу тоглох вий, үндэстнийхээ талаар сөрөг сэтгэгдэл үлдээх вий, монгол үзэгчид маань үзээд эвгүй сэтгэгдэл төрөх вий гэж л болгоомжилж байлаа. Үүнд л их анхаарсан. Найруулагчид гэр хэрхэн барих вэ гэх мэт монгол зан заншлын талаар зөвлөгөө өгөхөөр хоёр Өвөр монгол хүн ажилласан л даа. Дараагийн уран бүтээлийн хувьд хятадын уран бүтээлчидтэй гэрээ хэлэлцээ хийх шатандаа явж байна.

Та бүхэн жүжигчин Р.Анхнямын манай GoGo.Cafe ярилцлагын буланд өгсөн ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш