logo
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна

2015/02/25

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутанд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ.

 Уулзалтын эхэнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура УИХ-ын дарга З.Энхболдтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр уулзах завшаан олдсонд баяртай буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр хоёр орны Ерөнхий сайд нарын зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ нь хоёр орны хоорондын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын парламент улс төрийн өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, тус бүлгийн гишүүн Ж.Батзандан, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх болон албаны бусад хүмүүс байлцав.


Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.02.24-ний өдрийн 11.00 цагт Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийлээ.

Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки уулзалтын эхэнд УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд тус улсад албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлээд "Манай хоёр улс түүхийн урт хугацаанд энх тайван, харилцан ойлголцлоор зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. Хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрсэнд хоёр орны парламентын бүлэг их үүрэг гүйцэтгэж ирсэн" хэмээн онцлон тэмдэглэв. 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд "Монгол, Японы харилцааны хөгжилд  Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд, Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Сүүлийн жилүүдэд Монгол, Японы улс төрийн харилцаанд итгэлцэл бэхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна" гэдгийг тэмдэглэлээ.


УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид уулзалтын дараа Япон Улсын парламентын ордонтой танилцав.

Монголын парламентын төлөөлөгчид Япон Улсын парламентын ордонтой танилцах үеэр.


УИХ-ын дарга З.Энхболдод 2015.02.24-ний өдөр Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын үеэр хэлэхдээ, Эда тэргүүтэй Зөвлөхүүдийн танхимын төлөөлөгчидтэй уулзаж буйд баяртай буйгаа илэрхийлээд Монгол, Японы парламентын харилцааг хөгжүүлэхэд Зөвлөхүүдийн танхимын гишүүд ихээхэн хувь нэмэр оруулдаг гэлээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард УИХ-ын даргатай уулзах боломж тохиож байсан бөгөөд өнөөдөр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн өдөр дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда онцлов.

Уулзалтад оролцсон Япон, Монголын парламентын төлөөлөгчид.


УИХ-ын дарга З.Энхболд 2015.02.24-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ "Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айлчлал хийж буйд баяртай байна. Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 43 жилийн ойн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд маш чухал айлчлал болж байна" хэмээн хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд Японы ард түмэн, Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжин тусалж ирснийг Монголын ард түмэн, төр, засаг өндөр үнэлж, чин сэтгэлээсээ талархаж хүндэтгэж байдгийг тэмдэглээд "Хоёр улсын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан. Танай улсын парламент ч ойрын хугацаанд батална гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш