logo
Герман Монголын бизнес форумд оролцлоо

Герман Монголын бизнес форумд оролцлоо

2015/03/04

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /2015 оны 3 сарын 3 / Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцлоо.

Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Берлин хотын захирагч ноён М.Мюллэр, Дойче банк-ны ТУЗ-ийн дарга ноён Ю.Фичен нар нээж Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, ХБНГУ-аас   Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдэманн нар оролцов. Арга хэмжээний хүрээнд БХБ-ын дэд сайд хат. Г.Байгалмаа өөрийн салбарын тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж, ЗТЯ-ны СБТГ-ын дарга С.Адьяасүрэн, АҮЯ-ны СБТГ-ын дарга Д.Баттогтох, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар тухайн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар тус тус илтгэл тавив. Мөн ХөОГ-ын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар товч мэдээлэл хийж, форумд оролцогч монголын компаниудын танилцуулав. Хот байгуулалтын салбарын чиглэлээр германы архитекторч ноён Ш.Шмидт монголын "Майдар сити" төслийг танилцуулсан нь арга хэмжээг онцлог болголоо.

Арга хэмжээнд аж үйлдвэр, аялал жуулчлал, дэд бүтэц, хот байгуулалтын салбарын 170 гаруй төлөөлөгч нар оролцсоноос  90 нь германы байгууллага компаниуд байсан нь монголтой хамтран ажиллах сонирхолтой германы хувийн хэвшлийнхэн хичнээн олон байгааг илэрхийлж байна. Энэ удаагийн форумд Монголын талаас  15 компани оролцож байгаа бөгөөд Герман улстай уламжлалт бизнесийн харилцаатай аж ахуй нэгжүүд түлхүү оролцож байгаа юм байна. Уулзалтыг нээн Германы үйлдвэр, худалдааны танхимын олон Улсын эдийн засгийн харилцааны захирал Жулиа Арнольд, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Берлин хотын захирагч Михаел Мюллер нар үг хэллээ.   

 Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ  “Герман Монголын харилцаа хэд хэдэн түвшинд идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа улс төрийн түвшинд. 2011 онд Герман улсын Канцлер манай улсад айлчилсан бөгөөд энэ үеэрээ чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн Герман улсын Холбооны Ерөнхийлөгчтэй маш ойр харилцаа тогтоож, олон удаа уулзаж ярилцаж байсан. Канцлерийн хувьд Герман Монголын харилцаанд ялангуяа эдийн засгийн харилцаанд маш их анхаарал тавьж ажилладагт талархаж байна. Өнөөдөр би богино хугацаатай  айлчлалынхаа үеэр эрхэм Канцлер болон ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцах сайхан боломжууд гарч байна. Хамгийн чухал нь Монгол Улс албан ёсны түншээр оролцож байгаа  олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үйл ажиллагааг нээх хүндтэй үүргийг би  хүлээж байгаа. Улс төрийн үүднээс нь авч үзвэл манай хоёр орны харилцаа  маш сайн түвшиндээ эрчимтэй урагшилж байгаа . Дараагийн түвшний харилцаа бол бизнесийн салбарын харилцаа юм. Монгол Германы бизнесийн харилцааны хамгийн ойлгомжтой зүйл нь хамтран ажиллах уур амьсгал боломж нь бүрэлдсэн явдал. Монгол Улс нь Азийн бүс нутагт байгаа Герман иргэдийн тоогоороо тэргүүлдэг.  Мөн Герман улстай хамтран ажиллах бүхий л талын үйл ажиллагаанд Монгол Улс ойр дотны улс гэж харагддаг. Бидний хувьд  Герман улсыг Европын холбооны хамгийн чухал түншээ гэж харилцсаар ирсэн түүхтэй. Энэ үйл ажиллагаанд Германы бизнесийн салбарын алдартай төлөөллүүд  ирсэн байна. Мөн Германд ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, холбоод маш их үүргээ гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

 Монгол Германы харилцаанд хүндрэлтэй асуудал гэвэл орон зайн хувьд алсагдмал байрлалд  байдаг. Манай хоёр улсыг дэд бүтцийн хувьд холбосон шууд холбоос байдаггүй. Агаарын тээврийн холболт байгаа ч үүнийг цаашид сайжруулах ёстой гэж бодож байна. Энд дуулгах сайн мэдээ гэвэл өнгөрсөн 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар Монгол Улсад  айлчилсан. Энэ үеэр олон жил яригдсан тухайн хоёр орны дээгүүр дамжин өнгөрөх тээврийг ялангуяа БНХАУ-тай эцэслэн шийдвэрлэсэн. Сая Засгийн газрын түвшинд гэрээг нарийвчилж хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүд гарсан. Энэ бол Германы тал, Европын талд сайн мэдээ гэж ойлгогдож байгаа. Монголын талаас гарч ирэх ямар нэгэн барааг Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тээвэрлэхдээ маш их хөнгөлөлт үзүүлж байгаа. Коридорт ямар бараа очих, хэрхэн зөөвөрлөх зэрэг нарийн деталуудыг ярьж, шийдвэрлэж байна. Монгол Улсын өөрийн барьдаг байр суурь бол түүхий эдийг нийлүүлэх хэрэгтэй боловч  ямар нэгэн хэмжээнд Монголдоо боловсруулах тал дээр түлхүү сонирхолтой байгаа. Ер нь аливаа шатанд боловсруулсан бүтээгдэхүүнийг шууд худалдан авч хэрэглэх боломжтой. Дээрээс нь тээвэрлэхэд хүртэл бүтээгдэхүүний хувьд илүү үр ашигтай байдаг учраас Монголд тодорхой хэмжээний боловсруулаад гаргах боломжтой юм.

Бусад харилцаа удаан явж байгаа ч урагштай зүйлүүд бий гэж боддог. Монгол Улсыг аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор өнөө жил оролцохыг Германы Засгийн газар, Берлин хотын захиргаа дэмжиж  оролцуулж байгаад бид талархалтай байна. Монголын хувьд  жуулчдыг ирүүлэх, тэдэнд зориулсан дэд бүтцүүдийг хэрхэн бий болгох, яаж сайжруулах зэрэгт бидэнд суралцах зүйлүүд олон бий.

Бид бол нээлттэй, ижил төстэй, үнэт зүйлүүдтэй хоёр улс. Тэр утгаар бид илүү ойлголцох боломжтой. Нэгэнт нээлттэй учраас бидний үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, хүндрэлүүдийг шийдвэрлээд явах эрмэлзэлтэй байдаг. Энэ бол манай хоёр улсын харилцааны давуу тал юм.

Мөн энэ үеэр Берлиний төвд Монголын Элчин сайдын яамны шинэ байрны нээлт болж байгаа нь Герман улстай харилцах харилцаанд маш том ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш