Улсын Их Хурлын гишүүд чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллах томилолтын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа энэ сарын 2-4-ний өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.
УИХ-ын гишүүд тус аймагт ажиллах хугацаандаа иргэдэд 2014 оны намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажиллагсад болон иргэдэд Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн санаачилж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж УИХ-д уламжлах иргэдийн санал хүсэлтийг нь хүлээн авсан байна.